logo
Ху Жинтао цэргийн дээд албан тушаалд үлдэхгүй

Ху Жинтао цэргийн дээд албан тушаалд үлдэхгүй

2012/11/13
БНХАУ-ын дарга Ху Жинтао хэдхэн өдрийн дараа тус улсын Коммунист намын дээд албан тушаалыг төдийгүй намын Цэргийн зөвлөлийн даргын албан тушаалыг орхих болно.

Энэ нь Бээжин хотноо болж буй Хятадын Коммунист намын 18 дугаар их хурлын үеэрх гэнэтийн явдал байх болно гэж Хонконгийн "Саут Чайна морнинг пост" сонинд бичжээ.

Тус сонинд бичсэнээр, Ху Жинтао тухайн үедээ эрх мэдлээ нэг дор бүрмөсөн шилжүүлж байгаагүй Хятадын өмнөх удирдагч Зян Зэминийг дууриахгүй байхаар шийдсэн бололтой. Зян Зэминь намын удирдлагыг шилжүүлэн өгснийхөө дараа Цэргийн зөвлөлийн даргын албыг хоёр жилийн турш хашиж байсан юм.

Харин Ху Жиньтао өөрийн залгамжлагч болох өдгөө 59 настай Си Зиньпинд бүх эрх мэдлээ бүгдийг нь шилжүүлэн өгөх болсон нь ажиглагчдын гайхшралыг төрүүлж байна гэж "Саут Чайна морнинг пост" сонинд тэмдэглэжээ.

Ирэх орны гуравдугаар сард болох Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын ээлжит чуулганы үеэр Си Зиньпин албан ёсоор БНХАУ-ын дарга, харин Ли Кэцян Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд болох үед тус улсын засгийн эрхийг удирдлагын "тав дахь үед" шилжүүлэн өгөх үйл явц дуусах юм.

Ирэх пүрэв гарагт ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 9 хүний бүрэлдэхүүнтэй Байнгын хорооны шинэ бүрэлдэхүүнийг зарлаж магадгүй байна. "Саут Чайна морнинг пост" сонины эх сурвалжийн мэдээлснээр, байнгын хорооны гишүүдийн тоог 7 хүртэл цөөрүүлэх аж. Шинэ гишүүдийн дийлэнх нь Зян Зэминий "хуучин гвардийнханд" ойр консерватив жигүүрийнхэн байх төлөвтэй гэж тус сонинд дурджээ.

Д.Жаргал

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш