logo
 Түнэр харанхуй болох уу?

Түнэр харанхуй болох уу?

2012/11/14

Маяачуудын цаг тооны бичиг тэглэж буй 2012 оны 12-р сарын 21-нд гаригууд болон cap нэг шугаманд давхцан түнэр харанхуй болно гэсэн яриа олны дунд тархаад байна. Бид физик-одон орон судлалын багш М.Шагдарсүрэнгээс тайлбар авлаа.

-Түнэр харанхуй болож тохиолдол байж болох уу?

-Нарны аймгийн гаригууд нарыг тойрон нэг хавтгайд нэг чиглэлд эргэдэг учир нэг шугамд хэд хэдэн гариг жагсан байрлах тохиолдол байдаг. Харин сарны дэлхийг тойрох хавтгай бол өөр бөгөөд хааяа гаригуудын тойрог замын хавтгайтай огтлолцох үедээ нар, дэлхийн хооронд cap орж, нарыг халхлан дэлхийн зарим хэсэгт нарны хагас юм уу, бүтэн хиртэлтийг үүсгэдэг.

Буд, сугар гаригууд заримдаа нарыг халхалж, хиртэлт үүсгэж болох боловч бидэнд бараг мэдэгдэж нөлөөлөхгүй. Харин дэлхийн агаар мандал хэт бохирдож, тунгалаг бус болсноос дэлхийн гадаргаас ойх илч буюу имфра улаан туяаг гадагш нэвтрүүлэхгүй тогтоон барьж, дэлхийн дулаарлыг үүсгэж байгаа бөгөөд цаашид агаар бүр их тоосжиж, утаа тортог ихэсвэл гаднаас нэвтрэх нарны гэрэл багасч, хүйтрэл, мөстөлт болох аюул учирч мэднэ.

Цөмийн дайн дэгдэх юм бол дээрхтэй төстэй үзэгдэл болж, “цөмийн шөнө", улмаар “цөмийн өвөл" болж, дэлхий харанхуйлж хүйтэрнэ гэж үздэг. Юу ч гэсэн энэ удаад түнэр харанхуй болон их хүйтрэлт үүсэхгүй гэдэгт итгэж болно. Цаг агаарын бага зэрэг өөрчлөлтүүд ажиглагдахыг үгүйсгэхгүй. Ямар гаригууд хэдийд давхцан байршихыг одон орончид урьдчилан тооцоолсон байдаг.

-Бас энэ өдөр дэлхий сөнөнө гээд байгаа шүү дээ?

-Гариг эрхэс бүхэн сансрын уудамд эзлэх өөрийн гэсэн орон зай, тойрон замтай. Гэнэт нэг эрхэс гарч ирж, дэлхийг мөргөөд сөнөөчих гэж байхгүй. Дэлхийн цөм гэнэт дэлбэрээд дэлхий сөнөчих гэж ч байхгүй. Манай дэлхий 2000км орчим зузаан агаар мандал, гадаргын усан мандал, 20-30км өндөрт орших озон давхарга, бас соронзон мандал, радиацийн бүсээр хамгаалагдсан байдаг бөгөөд эдгээр нь гадны солирын бөмбөгдөлт, сансрын хорт туяа, цэнэгт бөөмсийн урсгалаас биднийг хамгаалж, уур амьсгалыг тогтворжуулж байдаг шүү дээ. Энэ өдөр дэлхий сөнөнө гэж айх хэрэггүй. Ер нь байгальтайгаа зөв харьцаж, дэлхий гаригаа хамгаалж аргадан амьдрах цаг болжээ гэдгийг хүн бүр ухамсарлан ойлгохыг сануулаад байх шиг байна.

-Эдгээр цуу яриа, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, интернэтийн мэдээллийг эрдэмтэд, бөө удган, үзмэрч нар янз бүрээр тайлбарлаж байх шиг байна. Энэ тухайд таны бодол?

-Гаригууд давхцаж, бас дэлхийн соронзон орон хүчтэй болсноор түнэр харанхуй болно гэж саяхан нэг бөө зурагтаар ярихыг сонссон. Мөн 2012.12.21-нд дэлхий бус мунхгууд сөнөж шинэ эрин эхэлнэ. Гадны бүхнийг шүтэгчид, өвөг дээдсээ дорд үзэгсэд, түүхээ гутаан доромжлогчид нүүр хийх газаргүй болно гэж нэгэн удган хүн “Хөдөлмөр” сонинд бичсэн байна лээ.

Бас Г.Намираа гэдэг хүн “Түнэр харанхуй ертөнцийн мөхөл" гэсэн номондоо “Дэлхийн тэнхлэг тэгширч, Монголчууд тэгш хорвоо дээр тэгш амьдрах цаг буюу билгийн жилийн эрхшээл эхэллээ” гэх зэргээр бичсэн. Манай эрдэмтэд дээрх үзэгдэл болохгүй гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаад байгаа. Үүнд итгэж амгалан тайван байгаач гэж уншигчдад хэлье.

-Танд баярлалаа.

Б.Нямренчин
Эх сурвалж: “Архангай амьдрал”

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш