Өдөр тутмын будалт:
Зүй нь бүх будаг нимгэн түрхэгдэхээс гадна өнгөний хувьд аядуу зөөлөн байх учиртай. Байгалийн гэрэл таны хэр мэдрэмжтэй “зураач” болохыг илтгэх учир хэтрүүлэх хэрэггүй. Өдөр тутам, ший янгуунд тоглох гэж буй мэт хэт будмал төрхтэй байх нь үнэндээ бусдыг цочоож, жийрхмээр сэтгэгдэл төрүүлдэг.
Yдшийн будалт:
Оройн бүрэнхийд энгэсгийг өдрийнхөөс ялимгүй зузаан тавьж, нүд, хөмсөг, уруулаа бага зэрэг тодотгож өгөхөд гэмгүй.
Гоёлын будалт:
Энэ тохиолдолд та нүүрээ хэтрүүлэгтэй гэмээр содон будсан ч болно. Ингэвэл өөртөө болон бусдад ердийн өдрүүдээс илүү сонирхолтой харагдана. Саа, шигтгээ янз бүрийн шивээсээр гоёх ч бас зүгээр шүү. Түүнчлэн яаж будах нь таны ажил, мэргэжил болон байр сууриас ихээхэн хамаарах учиртай. Эмэгтэйчүүдийн гаргадаг бас нэг алдаа бол энгэсэг, уруулын болон сормуусны будаг, тень зэрэг гоо сайхны хэрэгслийн зүй зохисгүй хэрэглээ.
Суурь:
Аливаа байшингийн суурь сайн байж, дээр нь давхарлаж, өндөрлөж болдог. Түүнтэй нэгэн адил нүүрний арьс тань чийглэг, эрүүл өөрөөр хэлбэл, барзгар биш байвал дээр нь тавигдах крем, энгэсэг, тень жинхэнэ утгаар үүргээ гүйцэтгэх болно. Тиймээс нүүрээ будахаас өмнө арьсаа хэвийн эсэхэд анхаараарай. Бүсгүйчүүл суурь кремийг хэрэглэхдээ арьсныхаа онцлогийг заавал харгалзах хэрэгтэй. Тухайлбал, кремийн өнгө таны арьстай дүйцэж байна уу? Мэдээж хэрэг, таны арьсны өнгө болон чанар боломжийн үзүүлэлттэй бол крем нэг их шаардлагагүй. Харин арьсны өнгө жигд биш байвал зузаан түрхэж болох юм. Гэхдээ энэ нь өө сэвээ далдлах гээд шав гэсэн үг хараахан биш. Таны энэ хүслийг биелүүлэхэд бас энгэсэг тусална гэдгийг санагтун.
Кремийг жигд харагдуулахын тулд хурууны өндгөөр энд тэнд бага багаар нялах бөгөөд мөн хуруугаар болон бага зэрэг чийглэсэн пролоноор тараавал зохистой. Хамгийн гол нь суурь крем нь нүүрэнд тань маш нимгэн давхарга үүсгэсэн байх учиртай юм. Харин нүдний эргэн тойронд түрхэх хэрэггүй. Учир нь зовхи маш эмзэг бөгөөд тень тавих нь нүдний үрчлээсийг тодруулдаг муу талтай.
Энгэсэг:
Нүүрний арьсан дахь тослогийг шингээхээс гадна бага зэрэг өө сэв тухайлбал, батга, сэвх болон өргөссөн капиляр судсуудыг далдлах үүрэгтэй бүтээгдэхүүн. Нүүрийг төгс хэлбэржүүлэхэд арьсны тань өнгөнд нийцэх буюу арай бараан хоёр өнгийн энгэсэг хэрэгтэй. Нэг өнгийн энгэсэг хэрэглэх нь нүүрийг хэтэрхий мэлгэр харагдуулдаг талтай. Тиймээс бараан энгэсгийн тусламжтай жишээ нь, хамрыг өндөрсгөж, нүүрийг зуйван харагдуулж болно.
Түүнчлэн, энгэсгийг суурь кремийн нэг адил хэт зузаан түрхэх хэрэггүй. Манай эмэгтэйчүүдэд суурь крем болон энгэсгийг хэрэглэхдээ чихнээс хойш, эрүүнээс доош хэсгийг орхигдуулчихдаг нэг дутагдал бий. Мөн энгэр цээж, мөр, нуруугаа ил гаргах хувцас өмсөх бол адил анхаарах хэрэгтэй. Нэг л их цагаан царайтай мөртлөө бусад нь нүүрнээсээ бор бол үнэмшилгүй мөртлөө эвгүй харагдана шүү.
Тень:
Сүүлийн жилүүдэд бүсгүйчүүл маань хувцас болон аксессуартаа тохируулан тенийхээ өнгийг сонгох болсон нь тун магтууштай хэрэг. Гэвч зарим үед дээр дурдсанчлан мөн л хэтрүүлэгтэй байдал ажиглагддаг. Тенийн хувьд өнгөний зохицол болон уусгалт тун чухал. Жишээ нь, цэнхэр-ягаан болон шар-улбар шар-ногоон, саарал-ягаан, саарал-цэнхэр, бор-шаргал өнгүүд хоорондоо тун гайхалтай зохицдог билээ.
Харин ямар ч өнгийн тенийг түрхэхдээ цагаан цайвар болон сувдан шаргал өнгийг зайлшгүй суурь болгох хэрэгтэй. Энэ нь нүдийг өнгөлөг, үзэмжтэй харагдуулахад нөлөөлөхөөс гадна дээр нь тавих өнгийг уусгаж өгдөг давуу талтай юм. Мөн өнгө уусгалтын хувьд цайвраас бараан руу чиглүүлбэл илүү оновчтой. Нэмж хэлэхэд, зовхины үрчлээсийг шороон гэж ярьдаг тень улам тодотгодог. Түүний оронд бага зэрэг гялалзсан тень байвал зүгээр. Мөн цайвар тенээр нүдийг тойруулах нь багасгаж харагдуулдаг талтай.
Хацар өнгөлөгч:
Нүүрийг хэлбэржүүлэхэд хамгийн гол үүрэгтэй бүтээгдэхүүн. Энэ тал дээр эмэгтэйчүүдийн хамгийн их гаргадаг алдаа нь нүүрний арьстай үл зохицох өнгийн хацар өнгөлөгч хэрэглэх явдал. Бор, бараандуу арьс ягаан өнгөтэй хэрхэвч зохицдоггүйг тэд анзаардаггүй. Мөн хацар өнгөлөгчийг оновчтой түрхээгүйгээс тухайлбал, шанааг улам өргөсгөснөөр яг л хохимой толгой мэт харагдуулдаг гэмтэй.
Уруулын будаг:
Дундаас дээш насныхан ихэвчлэн тод мөртлөө хүрэн ягаан өнгөөр уруулаа буддаг нь ажиглагддаг. Бүр өдөр бүр, улирал тутамд шүү. Энэ өнгө заримдаа тэдний насны хэмжээг заах шиг санагддаг юм. Зуны аагим халуунд бараан өнгөөр будсан уруул бусдад улам халууцуулах шиг мэдрэмж төрүүлдгийг санууштай. Түүний оронд ялимгүй өнгө оруулсан өнгөлөгч зохимжтой юм. Уруулын будагны өнгийг царайнаас гадна шүдний өнгийг бодолцож сонгох хэрэгтэй. Жишээ нь, та хөх туяа бүхий шүдтэй бол хэт бараан болон цайвар өнгө дэмий. Мөн зэгэл өнгө улам л дэм өгдөг. Yүний эсрэгээр, шар шүдтэй хүн улаан, улбар шар, шаргал өнгөөр уруулаа өнгөлөх нь зохимжгүй юм.
Харин цэнхэр шүдэнд хориотой өнгийг туршаад үзэхэд гэмгүй. Гялалзсан цайвар өнгө уруулыг бумбагар харагдуулдаг. Тэгэхлээр хэтэрхий даравгар, зузаан уруултай эмэгтэй боронзтой, гялгар өнгөөр будаж болохгүй нь. Хүмүүсийн дээд доод уруулын харьцаа ихэвчлэн ондоо байдаг. Мөн аль аль нь хэт нимгэн, эсвэл хэт зузаан байх нь бий. Байгалийн энэ алдааг засч залруулахын тулд нимгэн уруулыг давуулж, харин зузаан уруулын ирмэгний дотуур хүрээлж өгөх хэрэгтэй.
Сормуусны будаг:
Хэт хуучин будаг сомуусны үс, ширхэг бүрийг хооронд нь наалдуулж барьцалдуулдаг. Түүнчлэн сормуусаа дэрвийлгэе гэвэл дээд хэсгийг нь оролдохгүйгээр зөвхөн доороос нь угнаас нь үзүүр хүртэл будах ёстой. Харин зүгээр л шулуун харагдуулъя гэвэл дээр, доороос нь ээлжлэн будахад хангалттай.
Нүдний хүрээлэгч харандаа, тушь:
Уйтгартай нүдийг сэргээх хамгийн гол хэрэгсэл. Түүний оролцоотойгоор нүдийг тодотгож, томруулан бас бага зэрэг сээтэгнүүр мэт болгож болно. Дээд зовхийг бүрэн хүрээлэх нь нүдийг торомгор, харин доод зовхины хувьд хурц, ширүүн дүр төрхтэй болгож хувиргадаг. Өдөр тутамд тушээр будах нь тийм ч аятайхан харагдуулдаггүй. Харин харандаа нь тушийг бодвол тогтоц бага боловч нүдийг арай л “амьдрал”-тай харагдуулна. Эцэст нь хэлэхэд нүүрээ хэтрүүлж будсанаас багадуулсан нь дээр.