logo
Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой,  “Монгол бахархлын өдөр”-т зориулсан хүндэтгэлийн хурал  Төрийн ордонд боллоо

Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан хүндэтгэлийн хурал Төрийн ордонд боллоо

2012/11/15
Чингис хааны аугаа үйлсийг судлан дэлхий дахинаа дэлгэрүүлэх, өвлүүлсэн соёл уламжлалыг ард түмэндээ түгээн өргөжүүлэхийн төлөө төрөөс гаргасан нэгэн чухал шийдвэр бол их хааны төрсөн өдрийг “Үндэсний бахархлын өдөр” болгон зарлаж, Монгол хүн бүр эх орон, ард түмэн, эзэн хаан, түүх шастираараа бахархаж, гэр бүл, үр хүүхэддээ үндэсний эх соёл уламжлалаа өвлүүлэхэд энэ өдрийг зориулж байхыг нийт иргэддээ уриалсан билээ.
Иймд Чингис хааны мэндэлсний түүхэн тэгш ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Шинэчлэлийн Засгийн газраас ард түмнийхээ бахархал омогшлыг төрүүлэх, иргэний үүргээ ухамсарлах, өв соёлтойгоо танилцах, эх түүхийнхээ талаарх эрдэм мэдлэгээ солилцох, үндэсний урлагаа шимтэх гээд олон арван ач холбогдолтой ажлуудыг гурван өдрийн турш зохион байгуулж байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын даргаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажилласан юм.
Гадаад дотоодын хүндэт зочид, эрдэмтэн судлаачид, эх орны алдар гавъяатнуудыг цуглуулан Төрийн ордноо зохион байгуулсан хүндэтгэлийн хурлыг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг нээсэн юм. Тэрбээр Монголд саатсан зочид, эрдэмтэн судлаачид, нийт ард иргэддээ “Үндэсний бахархлын өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүлээд, энэхүү түүхэн ой, тэмдэглэлт өдрийн хүрээнд зохион байгуулсан онцлох үйл ажиллагаануудыг танилцууллаа.
Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулсан хамгийн анхны ажил бол 850 залуус иргэний андгай тангараг өргөх ёслол байлаа. 16 нас хүрч, эх орны иргэн болж буй дээрх 850 залуу Эзэн Чингис хаанаас эхтэй тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улсын иргэн болсноо Монгол бахархал хэмээн үзэж иргэний андгай өргөн иргэний үнэмлэхээ гардаж авсан билээ.
Хоёр дахь өдөр буюу 11 дүгээр сарын 13-нд Их эзэн Чингис хааны 850 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг Үндэсний түүхийн музейд зохион байгуулсан. Чингисийн Монгол дан ганц байлдаж дайтаж яваагүй, соёлын өвийг таригч, техник технологийг хөгжүүлэгч, чөлөөт худалдааг дэмжигч, даяарчлалыг санаачлагч гээд хүн төрөлхтний түүхэнд олон арван үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг мэдэрснээ уг үзэсгэлэнгийн зочид онцолж байсан юм.
Гурав дахь өдөр буюу өнөөдөр Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг “Чингис хаан ба даяарчлал” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Чингис хааны зүтгэлээр эхэлсэн даяарчлал хүн төрөлхтний хөгжил дэвшилд ямар өөрчлөлт хийснийг хоёр өдөр үргэлжлэх энэ хурлаар монголч эрдэмтэд хэлэлцэж байна. Чингис хааны түүхэн ой, Үндэсний бахархлын өдөрт зориулан өнөөдөр төрийн ёслол хүндэтгэлийн олон арга хэмжээг мөн зохион байгууллаа.
Ийнхүү олон олон ажлыг хариуцан ажилласан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Аливаа шинэчлэлийг явуулна гэдэг өнгөрснөө умартана гэсэн үг биш, харин ч мартаж боломгүй өв соёлоо хайрлан хамгаалж, хадгалан үлдээхийн нэр учраас манай Засгийн газар Шинэчлэлийн бодлогодоо энэ бүгдийг онцгойлон тусгасан. Бахархах өв түүх үлдээсэн өвөг дээдэс шигээ ирээдүй хойч минь биднээр бахархах тэр түүхийг хамтдаа бүтээцгээе” хэмээн хүндэтгэлийн хурлын индрээс нийт ард иргэддээ уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш