Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Монгол-БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын комиссын Лаосын хэсгийн дарга, Эрүүл мэндийн сайд Эксаванг Вонгвичит болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Шадар сайд Лаосын Засгийн газар АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг Вьентьян хотноо амжиллтай зохион байгуулсанд баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг халуун дотноор хүлээн авсанд талархлаа илэрхийлсэн. Мөн манай хоёр орны ард түмэн олон жил нөхөрлөж ирсэн ч цаашид хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд өндөр дээд хэмжээний айлчлалын зэрэгцээ Засгийн газрын хамтарсан комисс чухал үүрэгтэйг Шадар сайд уулзалтын үеэр онцолсон.
Монгол Улс БНАЛАУ-тай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг энэ оны 9 дүгээр сарын 12-нд тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлаа дүгнэж, цаашдын хамтын хөгжлийн шинэ зорилт чиглэлээ тодорхойлон гаргасан байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол-ЛаосынЗасгийн газар хоорондын комиссын даргаар Шадар сайд Д.Тэрбишдагва ажиллаж байсан бол, өнөө жилээс Эрүүл мэндийн сайд Н.Удвал томилогдсон аж.