logo
Бага ангид гадаад хэл үздэг байдлыг халах санал гаргав

Бага ангид гадаад хэл үздэг байдлыг халах санал гаргав

2012/11/17

ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгээс МХЕГ-тай хамтран бага,дунд ангийн багш, сурагчид, их дээд сургуулийн сэтгүүл зүйн болон анагаахын чиглэлээр суралцагч оюутнуудын Монгол хэлний боловсролын төвшинд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтад 21 аймаг, нийслэлийн найман дүүргийн ерөнхий боловсролын 178 сургуулийн 37695 сурагч, 6461 багш, найман их, дээд сургуулийн 515 оюутан хамрагджээ.

Харин шалгалтын үр дүн тун муу гарсан байна.

Сурагчдад хичээл заадаг бага ангийн 1993 багшаас 237 нь F үнэлгээ авсан байна. Уг нь багш нар ялангуяа бага ангийн багш нар F гэсэн үнэлгээг авах учиргүй хүмүүс баймаар.

Мөн мэргэжлийн ангийн төгсөх курсын оюутнууд тухайлбал, Орхон их сургуулийн 54 оюутнаас 49 нь F үнэлгээ авсан байгаа нь монгол хэлний үнэлэмж маш муу байгааг илтгэж байна хэмээн Хэл зохиолын хүрээлэнгийн мэргэжилтнүүд үзэж байна. Мэргэжлийн анги гэдэг нь монгол хэл уран зохиол, сэтгүүл зүйн ангийг хэлж буй ажээ.

Хэдийгээр энэ шалгалт нь багш, сурагч, оюутнуудыг дүгнэсэн мэт боловч сурах бичгийн стандартыг баталдаг Боловсролын хүрээлэн цаашлаад Боловсрол шинжлэх ухааны яамны үйл ажиллагаанд тавьсан F үнэлгээ болж таарах нээ.

Ингээд ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгээс дараах таван саналыг гаргасан байна.

1. Юун түрүүн бага ангиас эхлэн монгол хэлний хичээл заах стандартыг дахин хянаж хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон стандарт боловсруулах нь зүйтэй. Тухайлбал, хүүхэд бага сургуулиа төгсөх үед монгол хэлний ямар чадвартай болсон байх ёстой, дунд анги, ахлах ангиа тус тус төгсөх үед ямар чадвар эзэмшсэн байх ёстой зэргийг нь тогтоож түүндээ тохирсон сургалт явуулдаг бол илүү үр дүнтэй болно.

Мөн бусад орны жишгийн дагуу бага сургуулийн сургалтаас ямарваа нэгэн гадаад хэл үздэг байдлыг халж, зөвхөн монгол хэлний суурь боловсролыг чанартай олгодог байх. Үүнд хувийн сургуулийн бага ангийн сурагчдаас дээрхийн адил монгол хэлний боловсролын төвшинд шалгалт хийж уг жишигт нийцүүлэх хэрэгтэй.

2.Бага ангийн багш нарыг дахин шалгаруулалтад оруулж, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх сургалт зохион байгуулах.

3.Мөн монгол хэлний боловсролын төвшинд хийсэн шалгалтын адил монгол хэлний нийгмийн хэрэглээнд төвшин тогтоох зорилгоор /хэвлэл мэдээллийн ажилтан, төрийн албан хаагч гэх Мэт хүмүүсээс/ шалгалт авч, үр дүнг нь тооцох нь зүйтэй.

4.Монгол хэлний хичээлийн сургалтад сурах бичгээс өөр зүйл тухайлбал, толь бичгийг ерөөс ашигладаггүй нь сургалтын чанарыг сайжруулахад нөлөөлж байна. Иймээс монгол хэлний тайлбар толь, сурагчийн толь зэргийг найруулан зохиож сургалтад хэрэглэдэг байх. Энэ ажилд Хэл зохиолын хүрээлэнгийн хамт олон идэвхийлэн оролцоход бэлэн байна.

5.Монгол хэлний нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэхийн тулд дорвитой арга хэмжээ авч /тухайлбал Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ, Засгийн газраас тодорхой шийдвэр гаргаж/ орон даяар хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Үүнд ч мөн тус хүрээлэнгийн зүгээс хамтран ажиллахад бэлэн байна.

Дээрх саналыг МХЕГ-т хандан гаргасан гэх бөгөөд тус газраас холбогдох дээд байгууллагуудад хандан хүргэх юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш