logo
Цахилгаан, дулааны доголдолгүй ажиллахыг санууллаа

Цахилгаан, дулааны доголдолгүй ажиллахыг санууллаа

2012/11/20
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, иргэдээс ирүүлж байгаа гомдлын дийлэнхийг цахилгааны тасалдалдтай холбоотой  гомдол эзлэж байна гээд,  сүүлийн өдрүүдэд хотын хэмжээнд цахилгааны тасалдал их гарах болсон шалтгааныг “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ХК-ны гүйцэтгэх захирал С.Төмөрхүүгээс нийслэлийн шуурхай зөвөлгөөний үеэр тодрууллаа. С.Төмөрхүү, Өнгөрсөн 2 долоо хоногт нийтдээ 33 удаа тодорхой хугацаагаар цахилгааны хязгаарлалт хийсэн. Энэ нь кабел шугам гэмтсэн, тогны хэрэглээ эрс нэмэгдэж, трансформаторын хүчин чадал хүрэхгүй байгаатай холбоотой. Мөн цаг агаар хүйтэрч байгаа учраас, газар хөлдөж, хөрс хөдөлгөөнд ордог. Энэ нь газар доорхи кабел утсыг гэмтээж байна гэв.
Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон албан байгууллага аж ахуйн нэгжүүдийн орчны хальтиргаа, гулгааг тухай бүр арилгуулах ажлыг зохион байгуулахгүй байгаагийн шалтгааныг Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Л.Баатарцогтоос тодруулахад, амралтын өдрүүдээр цас их орсон учраас  байгууллага, аж ахуйн нэгжүүд хангалтгүй ажилласан.  Бид тусгайлан ажлын хэсэг гаргаж байгууллага аж ахуйн нэгжийн орчны  зураглалыг боловсруулж, цэвэрлэх талбайг нарийн зааж, журамлахаар төлөвлөж байна гэв.
Нийслэлийн Засаг дарга, дүүрэг хороодын үйл ажиллагааг шалган дүгнэдэг, “Эрүүл аюулгүй байдлын индекс”-ийг боловсруулан гаргах нь чухал байна. Хотын орчин, хог хаягдал, гэрэлтүүлэг, тохижилт нь хэр хэмжээнд байвал эрүүл аюулгүй байдал бий болох вэ? гэдгийг тодорхой болгоё гэлээ. Мөн өвөлжилт хаваржилтын нөхцөл байдлыг тооцож, урдчилан бэлтгэж, цахилгаан, дулаан гэх мэт асуудалд  доголдолгүй ажиллаж байх хэрэгтэй гэж санууллаа. Налайхын уурхайд гарсан осолтой холбогдуулж, олборлохыг хориглосон газруудад олборлолт хийж, ажиллуулж байгаа түрээслэгчдэд хатуу хариуцлага тооцох ёстой. Амьдрахын эрхээр уурхайн гүнд орж ажиллаж байгаа жирийн иргэдийг би буруутгамааргүй байна.  Харин аюултайг мэдсээр байж, тэр талбайг түрээслэн ажиллуулж байгаа түрээслэгчдэд зэвүү хүрч байна. Цаашид, аюултай, олборлолт хийхийг хориглосон газруудад тэмдэглэгээ хийж, дахин хүний амь нас эрсдэхээс урдчилан сэргийлж, зүгээр л шаардах бичиг өгөх төдий биш, албадан зогсоох хүртэл арга хэмжээ авч,  хариуцлагатай ажиллах хэрэгтэй гэлээ.
Мөн нийслэлийн Засаг даргын 2013 оны үйл ажиллагааны хөтөлбөрт оруулах саналаа харъяа газар ,хэлтэс, байгууллагууд ирүүлж, үйл ажиллагааны хөтөлбөрийг улам боловсронгуй болгож, нягтаршуулахад хамтран ажиллахыг үүрэг болголоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш