logo
Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил үндсэндээ хангагджээ

Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил үндсэндээ хангагджээ

2012/11/20
-Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж дууссан. Нийт сонгогчдод харьяа хэсгийн хороон дээрээ очиж, саналаа идэвхтэй өгөхийг хүсэж байна гэж өчигдөр Төрийн ордны хуралдааны Г танхимд болсон хэвлэлийн бага хурал дээр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийхдээ мэдэгдлээ.
        Түүний мэдээлснээр сонгуулийн санал хураалт энэ сарын 21-ний өдрийн 7-22 цагийн хооронд явагдах бөгөөд 21 аймаг, 9 дүүрэг, 330 суманд сонгуулийн хороо байгуулж, 2010 хэсгийн хороонд санал авахаар сонгуулийн 2370 хороо ажиллаж байгаа, тэдгээрт сонгуулийн хорооны 16 590 гишүүн, иргэний бүртгэлийн 2533 итгэмжлэгдсэн ажилтан, цагдаагийн хамгаалалтын 2500-гаад ажилтан, мэдээллийн технологийн багийн 2560 мэргэжилтэн - нийт 23 мянга шахам хүн энэ удаагийн сонгуулийг зохион байгуулахаар ажиллаж байгаа аж.
        Мөн УБЕГ-ын мэдээгээр сая 862 мянга 500-гаад сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн, санал тоолох 2500 машин, цахим үнэмлэхээр бүртгэх 2900-гаад техник хэрэгсэл ажиллуулахад бэлэн болсон байна.
        СЕХ-ны дарга энэ удаагийн орон нутгийн сонгууль хэд хэдэн онцлогтойг дурдахдаа:
          - УИХ-аас анх удаа автоматжуулсан тоног төхөөрөмж ашиглах тогтоол гаргасан.
      - Сонгуулийг төрийн албан хаагчид зохион байгуулж байгаа. Үүнээс өмнө төр болон ТББ, хувийн хэвшлийн төлөөлөгчдийг ажиллуулж байсан. Тиймээс СЕХ-ноос төрийн албан хаагчдад хуулиа дээдэлж, шударга ажиллах, сонгуулийг сайн зохион байгуулах талаар удаа дараа зөвлөмж, анхааруулга өгсөн.
         - Анх удаа сонгуулийг өвлийн улиралд зохион байгуулах гэж байна. Үүнээс өмнөх орон нутгийн сонгуулийг намар зохион байгуулж байсан. Санал авах үеийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр нийт нутгаар цастай байх мэдээлэл байгаа гэлээ.
      Цаг агаарын байдалтай холбогдуулан сонгуулийн хороод, Засаг дарга нарт сонгогчдын саналыг өгүүлэхэд анхаарах, цасанд боогдсон тохиолдолд тээврийн хэрэгсэл, унаа машин гаргах талаар тодорхой төлөвлөгөөтэй ажиллах зөвлөмж өгөөд байгаа аж.  Ер нь өмнө нь цас орчихсон Хөвсгөл, Булган, Увс, Ховд, Завхан аймгаас болзошгүй ажлын зардал болох бензин шатахууны зардал нэмж өгөх хүсэлт тавьсны дагуу  нийт 180 сая төгрөгийг цас, зудтай байгаа аймгуудад хүргүүлсэн. Улаанбаатар, Дархан, Эрдэнэтээс бусад бүх аймагт энэ мөнгийг хуваарилсан, аймгууд цаашаа хэрхэн хуваарилахаа шийднэ гэж тэрбээр мэдээллээ.
        Саналын хуудас хэвлэхтэй холбоотой зөрчил цөөнгүй гарсныг хэрхэн шийдвэрлэсэн тухай сэтгүүлчийн асуултанд тэрбээр хариулахдаа:
        -Орон нутгийн сонгуульд саналын хуудастай холбоотой зөрчил дутагдал их гарсан. Хуулиараа саналын хуудсыг хэвлэх ажлыг аймаг, дүүргийн сонгуулийн хороо хариуцдаг. Харин зарим аймаг, дүүргийн хороод хариуцлагагүй хандаж, таван мандаттай байхад дөрөв гэж бичих, долоон мандаттайг зургаа гэх зэргээр алдаа гаргасан. Мөн эцгийнх нь нэрийг өөрийнхтэй нь сольж бичих, эсвэл жишээ нь, Баярмагнай гэхийг Баяраа гэж дутуу орхих юм уу дуудлагаараа бичсэн, бие даагчийг нам руу оруулсан, МАН гэдгийг МАХН болгосон зэрэг олон зөрчил гарсан. Энэ мэт алдааг СЕХ-ны шинжээчид илрүүлж, 74 мянган саналын хуудсын алдааг залруулан дахиж хэвлүүлсэн гэв.
         Тэрбээр мөн өмнөх орон нутгийн сонгуулиар нийслэлд ирц хүрэхгүй тохиолдол гарсан. Энэ удаагийн сонгуулийн ирц хүрэхгүй бол тухайн хэсгийн хороонд дахин санал хураалт явуулна. Түүнээс биш дүүрэг, сум, аймгаараа санал хураахгүй. УИХ-ын сонгуулиар 22, 26 дугаар тойрогт дахин санал хураахаар шийдвэрлэснээс энэ удаагийн сонгуулийн үеэр зөвхөн Баянзүрх дүүрэгт дахин санал хураана гэлээ. 

         Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авахтай холбогдуулан ярихдаа үүнийг санал хураах өдрийн өмнө явуулах бөгөөд урьдчилсан санал хураалтын ажил зохион байгууулахгүй, зөөврийн хайрцгаар зөвхөн эрүүл мэндийн шалтгаантай болон баривчлагдсан саатуулагдсан хүмүүс л саналаа өгнө гэсэн юм. Энэ удаагийн  Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн ажилд 5,4 тэрбум төгрөгийн төсвийг УИХ-аас баталсан нь 2008 оны орон нутгийн сонгуулийн зардлаас нэмэгдсэн тухайд СЕХ-ны дарга хэд хэдэн үндэслэл дурдаж:
- Автоматжуулсан тоног төхөөрөмж ашиглаж байгаа,
                - Тээвэр, шатахууны зардал болон санал авах байрыг дулаан байлгах түлээ нүүрсний зардал 4 жилийн өмнөхөөс нэмэгдсэн,
               - Урьд өмнө саналын хуудсыг аймаг, орон нутагт нь жирийн цаасан дээр хэвлэдэг байсан бол энэ удаа Канадад үйлдвэрлэсэн тусгай цаасан дээр хэвлэж байгаа,
               - Урьд өмнө санал авах, тоолох, хурууны хээгээр таних хэрэслийг орон нутагт хүргэх, буцаан татах ажил хийгдэж байгаагүй.
              - Цагдаагийн хамгаалалт, Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтны зардал гэх мэт хэд хэдэн зардал нэмэгдсэнтэй холбон тайлбарлалаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш