logo
АТГ-ын ээлжит шоу нь Р.Нямдорж тэргүүн

АТГ-ын ээлжит шоу нь Р.Нямдорж тэргүүн

2012/11/20

Монгол орон авлига хээл хахуулийн нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй гамшигтай хүлээсэнд баглуулчихаад дороо дэвхцэж байгаа нь хэнд ч илэрхий. Шүүх, цагдаа, гааль, эрүүл мэнд, боловсрол, төрийн үйлчилгээ гээд нийгмийн харилцааны бүх л салбар  хээл хахуульд бүрэн автаж, мөнгөөр бүхнийг зохицуулдаг бохир систем цэцэглэн хөгжиж байгаа. Хэн ч халдаж зүрхэлдэггүй хээл хахуулийн цайрчихсан “вант улс” Монголын Үндэсний бөхийн холбоог АТГ шалгаж эхэлсэн нь ёстой л “загатнасан газар маажив” гээч нь болж магадгүй.

Гэхдээ “загатнасан газар маажихгүй” ч байж  болзошгүй. Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржийн улсын арслан Х.Мөнхбаатарт хэлсэн гэх “Ахын дүү манай хүүд унаад өгчих, ах нь чамд 70 сая төгрөг өгье” гэсэн үгийг батлах гэж АТГ “шар мах”-тайгаа хатах нь тодорхой. Анх зургаан хүн хувиасаа зуу зуун төгрөг гарган байгуулсан Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр 22 жил завсаргүй заларч суугаа Р.Нямдорж тэргүүнийг  ганц Х.Мөнхбаатар арслангийн  тэр үгэнд ялагдахыг нь хүлээнэ гэвэл бидний нас хүрэхгүй.

Далай даян дархан аварга Х.Баянмөнх, улсын заан Ж.Ганболд, улсын начин Ц.Дуламсүрэн тэр­гүүт­нүүд Р.Нямдоржийг энэ суудлаас нь унагаж, Монгол бөхийн өргөөнд хянал­таа тогтоох гэж 20 жил тэмцэл­дээд чадалгүй Р.Нямдорж тэр­гүүний өмнө гараа өргөцгөөсөн түүхтэй.

Улсын Дээд шүүхийн тогтоол гарч, “Р.Нямдорж  нь МҮБХ-ны тэргүүн биш”  хэмээн зарласан ч дархан аварга Х.Баянмөнх тэргүүтнүүд  МҮБХ-нд эзэн сууж  чадаагүй. Түүнээс гадна  Монголын үндэсний бөхийг хүү, хүргэн, шавь нартайгаа 50 жил эзэгнэж, 13 түрүү авч байсан  далай даян дархан аварга Х.Баянмөнхөд хуульч тэргүүн Р.Нямдоржтой тэрсэлдэх хувийн олон шалтгаан  бий. Хүү Б.Гантогтох нь сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга цолыг  Монголд анх удаа авч ирэхэд гавьяат цол өгөөгүй мөртлөө мөнгөн медаль авч байсан улсын заан Ц.Баярсайханд Монгол Улсын гавьяат тамирчин цол олгоход “голдоо ортол” гомдсон хүн.

Улсад гурав үзүүрлэсэн Б.Ган­тог­тоход улсын арслан цолыг нь өгчих­сөн бол Р.Нямдорж тэргүүн энэ олон жил Х.Баянмөнх аваргын өс­төн дайсан нь болохгүй байв. Хүр­гэн А.Сүхбатад  даян аварга цолыг нь тэртээ хойно 2007 онд биш ид бужиг­нуулж явахад нь өгчихсөн бол монгол бөхийн чимэг болсон залуу аварга  35-хан насандаа зодог тайлахгүй л байсан. Мөн далай даян дархан аваргын  цол­ны хишиг шагналын мөнгийг нь зарим үед өгдөггүй байсан  зэрэг нь Х.Баянмөнх аваргын уур хилэн дүрэл­зэх гол шалтгаан болсон нь тодор­хой.

Өөрийнх нь тодорхойлсноор “Зүлэг ногоон дэвжээнд хагас зуун жил ганцаардаж яваа” Х.Баянмөнх аварга тэргүүтэй Р.Нямдоржийг  хялайгчдад иймэрхүү хувийн тооцоо их бий. Улсын заан Ж.Ганболд, улсын начин Ц.Дуламсүрэн нарын Р.Нямдоржийн эсрэг фракцын гол зорилго нь монгол бөхийн өргөө байсныг бөхчүүд ч хоорондоо барин тавин ярилцдаг. Жилийн дөрвөн улиралд мөнгө үйлдвэрлэгч болсон  Монгол бөхийн өргөөнд эзэн суух далд хүсэлдээ арааны шүлс нь асгарч явдаг хүмүүсийн хорсол тэмцэл түр зуур намжмагц улсын арслан Х.Мөнхбаатарын “чилийсэн палийсан”-ий хэрэг дэгдэж, өнөөдөр Р.Нямдорж тэргүүнтэйгээ хоёул АТГ-ын хаалга сахиж сууна. Улсын арслан Х.Мөнхбаатар МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж  нарын дунд ч ужгирсан тэмцэл явагддагийг бөхчүүд төдийлөн гадагш нь гаргадаггүй гэх юм билээ. Одоогийн улсын заан Ч.Санжаадамбыг цэргийн хурц арслан цолтой байхаас иймэрхүү хандлага илрэх болжээ. Өвөрхангай аймагт болсон даншиг наадамд цэргийн хурц арслан Ч.Санжаадамба, тэр үед улсын заан цолтой байсан Х.Мөнх­баатартай тунаж барилдаад Х.Мөнх­баатар давж байж. Харин түүнээс хойш өнөөдрийн улсын заан Ч.Санжаадамба Х.Мөнхбаатар арс­ланг ихэнхдээ өвдөг шороо­дуул­даг. Тэдний хооронд сүмогийн их аварга Д.Дагвадорж жуучлагч болж, эртний хөөргөөр Х.Мөнхбаатар арслангийн гарыг цайлгах аман тохироо явагдсан ч ажил хэрэг болоогүй гэдэг. Эндээс л Х.Мөнхбаатар арслан, Д.Дагвадорж аварга нарын хооронд таагүй харилцаа үүсч, эцэс сүүлд нь арслангийн толгойд их  аварга ирт мэс хүргэх хүртэл хурцдаж байсан удаатай. Энэ бүхний ард МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийг  турхирч зогссон гэх хардлагыг санаатай, санамсаргүй тараасан нь өнөөдрийн тэмцэл үүсэх нөхцөл болсныг ч үгүйсгэх аргагүй.

Ямартай ч өнөөдөр МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж АТГ-т асуугдаж байгаа нь үнэн. Харин “сүржин эхлээд, даржин дуусдаг” энэ цагийн хамгийн эрэлт хэрэгцээтэй ч хамгийн сайн шоуддаг АТГ Р.Нямдоржийг оролдсоноор монгол бөхөд хачиг шиг наалдсан “цолны найраа”-г устгана гэвэл ёстой л “гонжийн  жоо” болох биз. Энэ жил л гэхэд Дундговь аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан болохын тулд 123 сая төгрөг өгөлцөж авалцсан  тодорхой баримт бий.

Баримт нотолгоо нь илэрхий, төсвийн мөнгөнөөс зуу зуун саяар нь цохичихсон аймгийн дарга нарт ганц хоёр жилийн ял өгсөн болж, нийгмийн сэтгэл зүйгээр тоглож суугаа одоо цагийн хамгийн сайн “шоучин” АТГ энэ удаа Р.Нямдорж тэргүүнийг түлхэн унагахын тулд түүний өрсөлдөгчдийн уухайгаар бамбай хийгээд дайраагүй л байгаасай. МҮБХ-г “мөнгөний авдар”-ын дүрээр харж байгаа бол Р.Нямдоржийг түлхэн зай­луулс­наар  эсрэгээрээ  завхрал, га­жуудлыг гааруулж ч  болзошгүй. Статус  нь өнөөдрийг хүртэл тодор­хой­гүй байгаа МҮБХ-г шинэч­лэх, мон­гол бөхөд бугшсан бусар­маг бүх­нийг яаралтай хэлэл­цэж, үр нө­лөө­тэй шийдэлд хүрэх асуудлууд хүлээг­дэж байгаа ч өс хонзон, элдэв турхиралтаар энэ бүхнийг ший­­дэж хэрхэвч таарахгүй . 

Монголын үндэсний бөхөд бугш­сан идээ бээрийг шахаж, бу­лин­гарыг ариусгах ид шидтэнүүд нь өөр хэн ч биш зодог шуудгандаа чан­­­­гарах  хүчит бөхчүүд  маань л юм.  

Монгол түмний их цэнгэл бол­сон хүчит бөхчүүд  хэзээнээсээ нутаг нугын, өсч яваа залуу хүч­тэнүүдээ ахын ёсоор дэмжиж тэтгэх харамгүй цагаан сэтгэлээр элэг бүсээ тайлан өгч, даваа ахиулдаг байсан. Тэр сайхан чигч шударга ёс жудаг өнөө цагт түмэн олноо хуурч, төрийн наадмаар тог­лоом хийдэг хээл хахуулийн цадиг­гүй тогтолцоо болсныг  үгүй хийх хүндхэн ачааг  Р.Нямдорж тэргүүн ч үүрэлцэх л учиртай. 22 жил халуун тогоонд нь чанагдаж яваа Р.Ням­дорж тэргүүнтэй ажлын хариуц­лага тооцох эрх АТГ-т бий. Харин  хэсэг бүлэг хүмүүсийн түл­хээсээр ээлжит шоу хийх эрх АТГ-т байхгүй.

Эх сурвалж: "Өглөөний Сонин"

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш