logo
Эх, хүү хоёрын оронд алт байсан бол

Эх, хүү хоёрын оронд алт байсан бол "аварчих" байсан даа

2012/11/20
27 настай эх, найман сартай хүүгээ тэвэрсээр Байгаль далай руу цутгах Сэлэнгэ мөрнөөр мөсөн дээр суун урсаж алга болоод 15 хонож байна. “Ядаж хүүг минь аварчихаач дээ” хэмээн сөөнгөтсөн хоолойгоор орилон, аврал эрж байсан бүсгүй, үр хоёрыг Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид аварч чадалгүй алдсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсаар байна. Энэ сарын 4-ний 18:15 цагийн үед Сэлэнгэ мөрнөөр гарч явсан найман хүний дорх мөс цөмөрч, зургаа нь амьд гарч, эх, хүү хоёр усанд урссан билээ.

Ээж, хүү хоёрын оронд шуудайтай алт байсан бол тэд яаж ийж байгаад, бүр амиа зольж, нисдэг тэрэг, моторт завь өөр бусад аврах хэрэгсэл юу байдаг түүгээрээ хил гарахаас нь өмнө авчихсан байгаадаа гэх бодол эрхгүй төрөөд байх юм.  Мөс цөмрөхөд ширээний тавцангийн дайтай мөсөн дээр гарч чадсан эх, хүү хоёр эцсийн мөч хүртлээ ар гэрийнхнээ, аврагчдыг ирж өөрсдийг нь аварна гэж итгэж, найдаж, хүлээж байсан нь лавтай. Тиймдээ ч хамт урсаж явсан Г.Цэрэнням гуайд “Бид ямар усанд живчихсэн биш. Биднийг аврахаар хүмүүс ирж байгаа. Хичээгээрэй. Би чанга орилохоор хүү айж, уйлаад байна. Харин та чимээ өгөөд орилоод байгаарай” гэж ярьж явсан байдаг. Харин энэ хооронд аврагчид хятад асаагуураар гэрэл хийж, хохирогчдын ар гэрийнхний утсаар бие биетэйгээ холбоо барьж, “Дарга унтаж байгаа. Орой залгалаа гээд уурлаад байдаг юм” хэмээн усанд хийлдэг завиа тавьбал дороо хагарч, өөрсдөө үхэх юм болно гээд алхаж явсан тухай ар гэрийнхэн нь ярьсан байдаг. Монгол хүний мөс жудаг, нинжин сэтгэл хаачсан юм бэ. Тангараг өргөсөн аврагчдын чин сэтгэл хаана байна вэ. Аврагчдад хийлдэг завь нь л бүтэн байвал эх, хүү хоёрын осгох, хөлдөх, үхэх хамаагүй болсон хэрэг үү.   

Ийм атлаа онцгой байдлын салбар нэр хүндэд дуртай,  аврах багаж, хэрэгсэлгүй мөртлөө сургуулилалт, бэлтгэл байн байн хийж сэтгүүлчдээр сурвалжлуулж, ард олонд сурталчилуулахыг чухалчилдаг нь нууц биш. Эх, хүү хоёртой хамт явсан зургаан хүн өөрийгөө, бие биенээ уснаас гаргасан байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Бид живж байсан зургаан хүнийг аварч, хоёрыг нь яаж ч чадсангүй алдлаа" хэмээн ярьж, цээжээ дэлдэж байсан.

ОХУ-ын хил давж, урсахаасаа өмнө зургаан цаг гаруй Монголынхоо нутгаар урссан түүнийг Монголын аврагчид аварч чадаагүйн хариуцлагыг Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газрын дарга  Б.Равдандоржийг албан тушаалаас нь чөлөөлсөн төдийхнөөр тооцох гэж байх шиг байна.  Онцгой байдлын ерөнхий газраас телевиз, бусад сонин, сайтын сэтгүүлчдийг энэ тухай мэдээллийг гаргахгүй байх талаар уулзалт хүртэл зохион байгуулсан гэгдэж байна. ОХУ-ын Онцгой байдлын аврагчид эх, хүү хоёрыг арав хоног хайсны эцэст эрлийн ажиллагааг албан ёсоор зогсоолоо хэмээн ар гэрийнхэнд нь мэдэгдсэн байна. Харин монгол аврагчид осол болсноос найм хоногийн дараа “Одоо найдваргүй ээ. Эрлийн ажиллагааг зогсоохыг зөвшөөрнө үү” хэмээн шалгааж явсныг ар гэрийнхэн нь мэдээлж байна.

Хүүгээ айлгахгүйн тулд хөлдүү мөс, тачигнасан жаварт цээжээ ил гаргаж, хөхөө хөхүүлж явсан эх, ээжийнхээ халуун цоройд нүүрээ нааж тэсгэл алдам хүйтнийг мэдэрч, аврагчдыг хүлээж цөхрөнгөө барсан, цаашлаад одоо ч хэн нэгэн аврахыг хүлээж байж болох энэ хэрэг ингээд намжих ёсгүй. Энэ бол Монгол төр төр байхаа больж, төрийн байгууллагууд үүрэгт ажлаа хийж чадахгүй байгаагийн зөвхөн нэг илрэл.

Эхнэрээ, хүүгээ хүлээх эр нөхөр, охиноо, зээгээ алдсан ар гэрийнхэн, эрдэнэт хүнээ “харсаар байгаад алдчихсан” монголчууд Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газарт моторт завь болон өвөл, зуны алинд ч голын уснаас иргэдээ аврах бүх багаж хэрэгсэл, хувцас, өмсгөл, гар чийдэн, холбооны станц зэргийг улсын хангамжаас гаргаж өгөхийг хүсэж байгаа. Дахиад хэн нэгэн өнөөдөр Сэлэнгэ мөрөнд живлээ, урслаа гэхэд онцгойн аврагчдад аврах хэрэгсэл, багаж, гар чидэн юу ч байхгүй хэвээрээ л байна. Ер нь онцгой байдлын салбарын хангамжийг улсын хэмжээнд онцгой анхаарч, сайжруулмаар байна. Тэгэхгүй бол гар нүцгэн аврагчид иргэдээ усанд үйж, галд шатааж, юмнаас унагасаар байх нь...

Х.Бөртэ http://mongolianeconomy.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш