logo
 Төсвөө танахгүй бол инфляци буурахгүй

Төсвөө танахгүй бол инфляци буурахгүй

2012/11/20

Монголбанкнаас “Инфляцийг ирэх оны эцэс гэхэд найман хувиас хэтрүүлэхгүй, улмаар 2014-2015 онд 5-7 хувийн түвшинд барих” зорилт тавьсан. Одоогийн байдлаар /аравдугаар сард/ хэрэглээний үнийн улсын индекс өмнөх сарынхаас 0.6, оны эхнээс 12.9, өмнөх оны мөн үеэс 15 хувиар өссөн дүн гарлаа.

Улсын хэмжээнд инфляци 15 хувьтай байна. Харин суурь инфляци жилийн 11.4 хувьд хүрсэн. Түүнчлэн ирэх онд инфляцийн түвшин буурч, найман хувьд хүрч чадах эсэх талаар мэргэжилтнүүд олон янзын байр суурьтай байгаа юм. Тухайлбал, дэлхийн банкны эдийн засагч Ш.Алтанцэцэг “Өнгөрсөн оны инфляцийг харахад хоёр оронтой тоонд байсан. Инфляцийн гол хэмжээг бүрдүүлдэг хүнсний болоод эрчим хүчний үнийг хасч тооцсон суурь инфляцийг авч үзвэл мөн адил хоёр оронтой тоонд байна.

Гэтэл өнөөдөр төв банк болоод Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь зүгээр шатахуун түлшний үнийг бууруулна гэх зэрэг суурь инфляцид нөлөөлж, үнэ нь ихээр савладаг бүтээгдэхүүний тал дээр дорвитой арга хэмжээ авахгүй байгаа юм. Тиймээс инфляцийг ирэх жил найм, энэ онд нэг оронтой тоонд барина гэхэд эргэлзэж байна” гэж ярьсан юм. Харин инфляци үүссэн шалтгааныг “Сүүлийн 2-3 жилийн өндөр инфляци төсвийн тэлсэн бодлогоос үүссэн.

Төвбанк инфляцийг хазаарлах бодлого баримтлаад байхад нөгөө талд нь Засгийн газраас төсвийн зардлаа их хэмжээгээр баталж, эдийн засаг руу Төвбанкны хийж байгаа арга хэмжээний эсрэг их хэмжээний мөнгө нийлүүлсэн хэвээр. Өөрөөр хэлбэл, хоорондоо үйл ажиллагаа нь зохицохгүй байна. Инфляцийг нэг оронтой тоонд барих, цаашлаад бууруулахад төсвийн бодлого нь Төвбанкныхаа мөнгөний бодлоготой уялдах шаардлагатай” гэв.

Одоогийн байдлаар азийн бүс нутагтаа манай инфляци өндөр байна. Инфляциа дагаад хүүгийн түвшин ч өндөр. Хүү өндөр учраас төгрөгийн бодит ханш чангарч байна. Нэрлэсэн ханшаар төгрөгийн ханш унаж буй боловч бодит ханш өссөөр. Бодит ханш чангарах тусам Монголын эдийн засгийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлнө.

Эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн захирал А.Жаргалсайхан “Монголбанк инфляцийг нам түвшинд барихын тулд Засгийн газартайгаа хамтарч ажиллах хэрэгтэй. Түүнээс нэг нь тэлсэн, нөгөө нь зах зээлд эргэлдэх бэлэн мөнгөний хэмжээг хомсдуулах бодлого явуулаад үр дүнгүй. Ийм тохиолдолд Төвбанкны нэг оронтой тоонд инфляцийг хүргэх бодлого хэрэгжиж чадахгүй” гэв. Тэрбээр “Ирэх онд Монголбанк инфляцийг нэг оронтой тоонд буюу найман хувьд хүргэх зорилт бараг л биелэхгүй болов уу.

Гэхдээ тодорхой зорилт тавиад түүнийхээ төлөө дорвитой зүтгэх хэрэгтэй. Түүнээс зах зээл, төр засагт найдаад үлдээж болохгүй” гэж ярилаа. Манайх эдийн засгаа тааламжтай авч явахын тулд гадаад орчны нөлөөллийг богино хугацаанд даван туулаад, цаашид урт хугацааны сайн бодлого боловсруулах хэрэгтэй тухай эдийн засагчид ярьдаг. Ирэх онд гадаад зах зээлийн нөхцөл байдал тун таагүй, одоогийн нөхцөл байдлаасаа бүр ч дордож магадгүй гэх таамаг байна.

Тиймээс Засгийн газраас ирэх оны төсвөө аль болох л танах хэрэгтэй. Хэрэв тэлсэн бодлого хэрэгжүүлсээр байвал нөхцөл байдал дордоно. Экспортын орлого саарах, үүнээс болж манай эдийн засаг хүнд цохилтод орж магадгүй юм. Харин МУИСийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор, судлаач Б.Эрдэнэбат “Манай инфляци 2009 оноос хойш буурч ирсэн

Ирэх онуудад инфляци буурах хандлага байна. Учир нь эдийн засгийн өсөлт ирэх онд удаашрах төлөвтэй. Үүнтэй уялдан инфляцийн дарамт багасна. Тиймээс нэг оронтой тоонд инфляцийг хүргэх Монголбанкны зорилт биелэх болов уу. Одоогийн 15 хувьтай буй инфляци энэ оны сүүлд нэлээн багасах байх. Ирэх онд 13 хувьд хүрч, инфляцийн өсөлт саарна гэж таамаглаж байна” гэх байр суурьтай мэргэжилтэн байна.

Харин манайд нийлүүлэлтийн инфляци үргэлжилсээр байх талаар СЭЗДС-ийн Эдийн засгийн тэнхмийн эрхлэгч, доктор, профессор Ц.Батсүх ярилаа. Тэрбээр “Дэлхийн эдийн засгийн ирэх жилийн ерөнхий хандлага, манай орны макро эдийн засагт үүсээд байгаа нөхцөлүүд, баримтлах гэж буй бодлогын онцлогоос шалтгаалан эрэлтийн талын үүсэлтэй инфляци багасах хандлагатай байна.

Харин нийлүүлэлтийн инфляцийн шалтгаанууд хэвээр үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл махны үнэ, бензиний үнэ зэргээс үүдэлтэй инфляци байсаар байх болно. Эдгээр шалтгааныг арилгах нь харьцангуй урт хугацааны эдийн засгийн бодлого, макро эдийн засгийн механизмаас шалтгаалдаг. Бид нэг улсаас нефтийн хараат байгаа нөхцөлд ийм эрсдэл байсаар байна” гэж ярилаа

Ирэх оны Төсвийн төслийг харахад, Засгийн газар төсвийн тэлсэн бодлого хэрэгжүүлэх бололтой. Тухайлбал, төсвийн урсгал зардал нийт зарлагын багагүй хувийг эзэлж байна. Энэ нь эдийн засагт нэг их сайн үзэгдэл биш.

Дэлхийн ихэнх орон бүсээ чангалж, аль болох л хэмнэлт хийхийг эрмэлзэж байна. Гэтэл манайх төсвийн тэлсэн бодлого хэрэгжүүлэх гэж байгаа нь ирэх онд инфляци нэг оронтой тоонд хүрэх зорилтод сөргөөр нөлөөлж болно. Монголбанкнаас инфляцийг бууруулахын тулд дөрвөн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Гэхдээ инфляцийг бууруулах нь зөвхөн Монголбанкнаас хамаарах асуудал биш гэдгийг шинжээчид хэлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Монголбанкны инфляцийг ирэх онд нэг оронтой тоонд хүргэх зорилт бүтнэ, бүтэхгүй гэж шууд хэлэхэд хүндрэлтэй аж. Учир нь инфляци олон хүчин зүйлээс хамаардаг. Эдийн засгийн гадаад орчны нөхцөл байдал таагүй эргэх магадлал байна. Мөн өнгөрсөн жилүүдэд явж ирсэн хэтэрхий их төсвийн тэлэлт инфляцид нөлөөлөх нь тодорхой.

Э.Энхцолмон
Эх сурвалж: "Нийгмийн Толь"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш