“Киви" хамтлагийн ахлагч Ц.Уламбаяр буюу Ука эрч хүчтэй дайчин бүсгүйг танихгүй хүн ховор биз ээ.Хамгийн анх Ая зохиогч Б.Ангирмаагийн хараанд өртөж, хамтлаг байгуулах мөрөөдлөө биелүүлсэн төдийгүй бие даасан цомгоо хүртэл гаргаад амжсан чадварлаг бүсгүйчүүдийн нэг. Харин түүний ээж нь “Зөн билгийн тулаан-2” нэвтрүүлгийн ялагч Т.Заманд гэдгийг олон хүн мэдэх биз ээ. Ухаалаг үгс, үзэл бодлоороо эрхгүй ялгарч чаддаг “Киви" хамтлагийн ахлагч Ц.Уламбаяртай цаг үе уран бүтээлийн талаар ярилцлаа.
Сүүлийн үеийн уран бүтээлээс танвь яриагаа эхэлье гэж бодож байна.Тоглолтын бэлтгэл гээд их завгүй байгаа бололтой.
-Юуны өмнө танай сонины хамт олонд болон уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Киви хамтлагийн найман жилийн ой энэ жилийн арванхоёрдугаар сарын 1,2-нд тохиож байна. Тийм ч учраас бид тоглолтондоо бэлдэж, тун шаргуу хөдөлмөрлөж байгаа болохоор цаг зав муутай байгаа. Киви хамтлагийн хувьд найман жилийн хугацаанд хийж бүтээсэн бүхий л уран бүтээлээ үзэгчид болон сонсогчиддоо зориулахаар бид “iloft”-ыг сонгож авсан байгаа. Яагаад гэхээр манай тоглолтонд биднийг дэмжиж сонсдог мянган хүн ирэх байх гэж бодоод ер нь их цомхон тэмдэглэе гэж шийдсэн байгаа. Бидний тоглолт хоёр өдөр болно. Харин” iloft”-ын хувьд нэг удаагийн оролтоороо таван зуун хүний багтаамжтай байдаг учраас бид хоёр өдөр хийхээр болсон. Мөн бид найман жилийн ойдоо зориулаад зургаа дахь цомгоо гаргахаар бэлдэж байгаа гэдгийг бас хэлмээр байна. Энэ цомгийн маань бүх дууг залуу хөгжмийн найруулагч, яруу найрагч, продюсер, дуучин , төгөлдөр хуурч Оки дуунуудыг маань зохиосон байгаа. Харин бидний продюсер Ангирмаа багш маань маш сонирхолтой дуунуудыг энэ цомогт маань сонгож авсан. Бид зургаа дахь цомгоо шинэ оны эхний сард хэвлэлтэнд өгөөд харин үзэгчдийн гар дээр цагаан сараар очихоор төлөвлөсөн байгаа. Мөн зургаа дахь цомогт маань багтсан гурван дууныхаа клипийг энэ зун хийж амжсан. Энэ клипүүдээ ирэх долоо хоногоос үзэгчиддээ цацахаар болсон гэдгийг энэ дашрамд бас хэлмээр байна. Энэ дуунуудын хувьд их өвөрмөц нэртэй дуунууд байгаа. Жишээ нь “Хайраа үлдээлээ” “ Гэрлийн ертөнц “ Бабараба” гэсэн үнэхээр өвөрмөц дуунууд байгаа. Удахгүй шинэ жил болох гэж байна. Үзэгч, сонсогчид маань биднээс их зүйлийг хүсэж хүлээж байгаа байх гэж бодоод энэ дуунуудаа бэлэг болгон цацахаар шийдсэн.
Тоглолтонд ямар уран бүтээлчид оролцох вэ?
Энэ тухайд нууц хэвээр нь үлдээмээр байна. Гэхдээ ганц сюрпириз задлахад бидний тоглолтонд дуучин Мишээл эгч маань ая дуугаа өргөж, өөрийн уран бүтээлийг үзэгчдэд танилцуулна гэсэн амлалтыг бидэнд өгсөн байгаа.
Киви хамтлаг байгуулагдаж байсан тэр дурсамжтай мөчийг эргэн дурсахад
-Хамгийн анх 2004 онд “Nature sounds” дуулаачийн хоёр дахь удаагийн бүртгэлд найзуудтайгаа ирж бүртгүүлж байсан юм. Найзууд маань намайг чи гоё дуулдаг тиймээс дуулах чадвараа хөгжүүл гэээд ингээд л энэ дамжаанд бүтэн жил сурсан. Тэр үед ид сонгууль болж байсан болохоор бүгд л сурталчилгаанд явчихсан, бараг хүн байхгүй байсан. Харин би дамжааныхантайгаа дасгал сургуулилтаа хийгээд л драмын театраас салдаггүй хүүхэд байлаа. Найзуудынхаа бүжгийг найруулж, өөрийнхөө бүжгийг бас дэглэж байгаад дамжаагаа төгссөн. Харин миний төгсөлтийн үеэр Дашка ахын маань эхнэр Нараа эгч маань Ука чи “Nature sounds” -ын бүжгийн багшаар үлдээч гэдэг саналыг тавьж байсан. Энэ саналыг анх сонсоход үнэхээр гайхалтай санагдаж байлаа. Ингээд “Nature sounds” -ынхаа гурав дахь элсэлтээс эхлээд бүжгийн багшаар ажиллаж эхэлсэн. Харин энэ хугацаанд багш хийгээд явж байхад минь продюсер Ангирмаа багш маань намайг хараад хамтлаг байгуулах санаа төрсөн гэж ярьдаг. Ингээд Намуунаа, Энхзул бид нар “Киви” хамтлагийн анхны гишүүд болсон.
Танай хамтлагийн хувьд их содон нэрээр гарч ирсэн. “Киви” гэдэг нэрийг анх хэн өгсөн бэ?
-Тухайн үед хамтлагаа байгуулчихаад ямар нэр өгөх үү гэдэг удаан бодсон. Олон сонирхолтой нэрүүд дундаас “Киви” гэдэг нэрийг өгье гэдэг сонголтыг Ангирмаа багш маань анх хэлсэн. Бид нар маш их гайхаад л “Киви” байхдаа яахав дээ ямар сонин нэр вэ? гэсэн чинь багш маань бидэнд “Киви” бол жимсний хаан мөн гурван төрлийн өнгийг агуулж байдаг юм. Энэ жимсний гадуурх бор нь Намуунаа харин ногоон нь Энхзул голын шар нь Ука гээд л бидэнд тайлбарласан. Тэр үед л бид “Нээрээ тийм байна, нэр хүртэл учиртай байдаг юм байна” гэдгийг хүлээн зөвшөөрч байсан. Анх “Киви” хамтлагийн дуучин Уламбаяр гээд л өөрсдийгөө хэлэхээр нээх гоё таатай сонсогддог байсан.
Ука эгч багаасаа дуулдаг байсан уу?
-Би дуу дуулна гэхээсээ илүү бүжиглэх, жүжиглэх авъяастай байсан. Гэхдээ цэцэрлэгт байхаасаа л дуулж бүжиглэдэг хүүхэд байлаа. Тухайн үедээ чанга дуулж чаддаггүй, өөрийнхөө хоолойноос ичдэг тийм хүүхэд байсан. Яагаад гэхээр өөрийгөө нээж чадаагүй, ер нь дуулахаас зайлсхийдэг байсан. Миний дээрээсээ хоёр дахь эгч Уранбүлэг маань СУИС-ын оперын дуулаачийн мэргэжлээр сурдаг байхдаа Ичинхорлоо багшийн шавь байсан. Харин би СУИС дээр эгч дээрээ хоол идэх гэж байнга очдог байсан. Яагаад гэхээр тэдний сургуулийн хоол маш гоё амттай. Тэгээд л эгч дээрээ байнга очдог. Эгч маань “Одоохон хүлээж байгаарай. Би гаммаа уншиж байна” гэхээр нь хажууд нь очоод л суучихдаг хүүхэд байлаа.Тэгээд эгчийгээ гамм уншиж байхад нь цуг дагаад л уншчихдаг. Нэг удаа Ичинхорлоо багш маань “Алив чи нэг унш даа” гэхээр нь гамм уншсан чинь “Ёстой хөөрхөн хоолойтой хүүхэд байна” гэж гэж анх удаа урам өгч байлаа. Тэр үеэс л хойш миний хоолой ерөнхийдөө задарсан гэх үү дээ.
Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Сүүлийн үед болзоонд хэр явж байна даа
-Тоглолтын бэлтгэл гээд юун болзоонд явах цаг завгүй л байна шүү дээ. Гэхдээ би ер нь болзоонд нэг их дуртай биш. Тухгүй юм шиг санагддаг. Цаг болзож уулздаг уулзалтаас илүү гэнэтийн юм бүхэн миний сонирхлыг их татдаг. Болж өгвөл тиймэрхүү уулзалтаас зайлсхийдэг.
Ука хэр баян бэ?
-Урлагийн хүмүүсийг ихэнх нь хүмүүс баян тансаг гэж ойлгодог юм шиг санагддаг. Ялангуяа эмэгтэй уран бүтээлч хүний хувьд олохоосоо илүү гаргадаг гэж боддог. Эмэгтэй хүн л юм чинь гоё сайхан харагдахыг хүснэ.Наад захын хэрэгцээ гоо сайхан үсчин, хувцас хунар гээд л их өртөг өндөртэй хүмүүс байдаг шүү дээ. (инээв)
Таныг хайрладаг сонсогчид болон магадгүй таньд хайртай залуусын хувьд Таньд ямар эр хүн таалагддаг бол гэдгийг мэдэхийг хүсч байгаа байх
-Надад ер нь өөр шиг минь л хүн таалагддаг шүү дээ. Мэдээж эр хүн шиг л эр хүн таалагддаг. Юу хийхээ мэддэг. Өөрийгөө үнэлдэг. Өөртөө итгэлтэй тийт л залуус таалагддаг даа.
Таны хувьд нууц амраг гэдэг зүйлийг юу гэж боддог вэ? Ер нь байх ёстой зүйл мөн үү?
-Ер нь нэрнээсээ эхлээд л нууц юм биш үү? (Инээв) Би одоогоор гэр бүл зохиогоогүй болохоор ийм зүйл байх ёстой, байх ёсгүй гэж хэлж мэдэхгүй л байна. Хайр сэтгэл хөрснөөс л магадгүй ийм зүйл үүсдэг байх гэж бодож байна.
-Гэр бүл төлөвлөлт гэдэг хувь хүний хувьд маш чухал зүйл байдаг. Таны хувьд хэзээ гэр бүл зохиож хэзээ ээж болно гэж боддог вэ?
-Би энэ тухай олон жилийн өмнө бодоод бурханд захиалгаа өгчихсөн байгаа. Тэр захиалгаа авах хугацаа маань тун удахгүй болох гэж байна. Ямар ч хүн байсан нийгэмд эзлэх байр сууриа бататгасан, хийх ёстой юмаа хийчихсэн хойноо л гэр бүл зохиох нь тохиромжтой гэж боддог. Хэн нэгэн хүнтэй танилцаад шууд суучих биш, бие биенийгээ таньж мэдэх цаг хугацааг өөрсдөдөө олгох ёстой гэж боддог. Яагаад гэвэл өнөөдөр тэр хүний үлдсэн амьдралаа цуг ханиндаа, хамтдаа өнгөрөөж, хамтдаа хийж бүтээх амьдралын ханиа сонгож байгаа болохоор эмэгтэй хүн бүр зөв сонголт л хийх хэрэгтэй гэж боддог.Тиймээс миний хувьд ч тэр хийх гэж төлөвлөсөн зүйлүүдээ хийчихээд одоо л хань ижилтэй больё доо гэсэн мөч маань тун удахгүй болно. Тийм ч учраас бурханд захиалгаа өгчихсөн байгаа. Миний хувьд хүүхдэд маш их хайртай Магадгүй хүүхдэд маш их хайртай болохоор би өөрийнхөө хүүхдийг аливаа нэг зүйлээр дутахгүй өсөөсэй л гэж боддог. Гэхдээ энэ бол мөнгө хөрөнгө, эд баялаг биш. Харин миний зүгээс хүүхэдтэйгээ хамт өнгөрүүлэх цаг завтай байх ёстой. Тийм ч учраас хийж бүтээх зүйлээ хийчихээд хүүхэддээ зориулах хайр, халамжийг хангалттай гаргаж чаддаг болсон үедээ л ээж болохыг хүсдэг. Тийм ч учраас хүүхдээ ийм зүйлээр дутаахгүй өсгөх ёстой л гэж боддог доо.
Бурхан гэснээс таны хувьд ямар шүтлэгэтэй вэ?
-Надад яг тийм гэсэн шашин байхгүй. Гэхдээ аль нэгийг нь үгүйсгэдэггүй. Ер нь шашин болгон л хүний сайн сайхны төлөө зориулагдсан байдаг шүү дээ. Манай гэр бүлийн хувьд сахиустай учраас Бөөгийн шашинаа дээдэлдэг.
Ярилцсан З.Одончимэг
Эх сурвалж: www.shudarga.mn