logo
Өнөөдөр таны сонгох сонгогдох эрхээ эдлэх өдөр

Өнөөдөр таны сонгох сонгогдох эрхээ эдлэх өдөр

2012/11/21
Өнөөдөр аймаг, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах нээлтийн ажиллагаа 07.00 цагт улс даяар эхэллээ. Бид Чингэлтэй дүүргийн 5-р хорооны 8 дугаар хэсгийн хорооноос сонгуулийн нээлтийг сурвалжиллаа. Тус хэсгийн хороонд нийт 1632 сонгогч сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд явуулын хайрцгаар өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-ны өдөр 11 сонгогч саналаа өгсөн байна.

Тус сонгуулийн хэсгийн хороонд хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, таван гишүүн болон Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хоёр, нийт 10 хүн ажиллаж байгаагийн дээр АН, МАН, МАХН-ын гурван ажиглагч санал хураах үйл явцыг ажиглах юм байна.

Нээлтийн ажиллагааг Чингэлтэй дүүргийн 5-р хорооны 8 дугаар хэсгийн хорооны дарга Б.Амгалантогтох нээж үг хэлсэн бөгөөд үүний дараа санал тоолох автомат машины хайрцгийг лацдаж, угсрах ажлыг эхлүүллээ. Ингээд автомат машинд ямар ч санал уншигдаагүй байна гэсэн "тэг тайлан" хэвлэн гаргаж, ажиглагчид болон хэсгийн хороонд үлдэх дөрвөн хувь хэвлэн тараасан юм.

Үүний дараа явуулын хайрцгийн лацыг тайлж, хайрцгаар санал өгсөн иргэдийн саналын хуудсыг автомат машинд уншуулан хайрцганд хийлээ. Ингээд хурууны хээ, цахим иргэний үнэмлэхээр бүртгэх иргэний бүртгэлийн цахим тоног төхөөрөмжөө асаагаад, өмнө нь ямар ч иргэн бүртгүүлээгүй байна гэсэн "тэг тайлангаа" хэвлэн гаргаж өглөө.

Сонгогч саналаа өгөхдөө эхлээд хурууны хээгээ цахим тоног төхөөрөмжинд бүртгүүлээд дараа нь нэрсийн хавтгайгаас нэрээ шүүлгээд гарын үсгээ зурах юм байна. Энэ үед иргэний мэдээлэл ажиглагч нарт том дэлгэцээр харагдаж байх юм. Ингээд сонгогч саналын хуудсаа аваад, бүхээгтээ орж саналаа тэмдэглэж дугуйлаад автомат машинд уншуулаад гарна.

Харин сонгогчийг санал өгснийх нь дараа хуруу болон иргэний үнэмлэх дээр ямар нэгэн тэмдэг тавихгүй юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш