logo
 УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Орон нутгийн сонгуулийг хойшлуулах хүсэлт гаргалаа

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Орон нутгийн сонгуулийг хойшлуулах хүсэлт гаргалаа

2012/11/21
Монгол Улсын Их Хурлын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан хүсэлт гарган албан тоо  хүргүүлжээ.

Албан тоотод : “Манай Улсад ардчилсан төрийн тогтолцоо төлөвшихийн үндэс нь “чөлөөт ардчилсан сонгууль”-аа хуулийн дагуу, шударгаар явуулах асуудал билээ. Сонгуулийн тогтолцоог сулруулж, олон түмний итгэлийг алдагдуулах нэг хүчин зүйл болж ирсэн мөнгөний нөлөөллийг өнгөрсөн хугацаанд бууруулж чадсангүй. Энэ байдлаасаа болоод 2012 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурал маань бүрэн бүрэлдэхүүнгүйгээр /71 гишүүн/ таван сарын нүүрийг үзэж байна. Гэтэл сонгуулийн хууль зөрчих үйл ажиллагаа улам ужгирч аймаг, сум, нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуульд иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдөж, ялихгүй шалтгаанаар бие даагч иргэн, зарим нам, эвслийг бүртгэхгүй, улмаар сонгуульд оролцуулахгүй байх хууль зөрчсөн үйл ажиллагааг сонгуулийн тойрог, хэсгийн хороодод гишүүд дэмжигчдээ оруулсан намууд явуулж байна.

Тухайлбал: Хөвсгөл аймгийн хувьд нам, бие даагчдыг бүртгэх шийдвэрийг шүүхээс 2 удаа гаргаад байхад бүртгэхгүй хугацаа хожиж, эцэстээ сонгуулийн тооллогын машин, программд нэр нь байхгүй гэсэн шалтгаанаар “сонгуульд нэрээ дэвшүүлэх” Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь иргэдэд эдлүүлсэнгүй. “Ингэж болдог юм байна” гэсэн буруу төсөөллийг бий болгох юм бол цаашдын сонгуулиудад энэ байдал давтагдаж, сонгуулиа ч явуулж чадахгүй нөхцөл байдалд хүрч болзошгүй юм. Иймд чөлөөт ардчилсан сонгуулийнхаа тогтолцоог бэхжүүлэх үүднээс Хөвсгөл аймагт болж буй энэхүү Үндсэн хууль болоод Сонгуулийн хуулийг ноцтойгоор зөрчсөн хууль бус үйл ажиллагааг шударгаар шүүн хэлэлцэж, иргэний сонгогдох эрх зөрчигдөж, сонгуулийн дүнд ноцтойгоор нөлөөлж буй байдлыг харгалзан Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 55.1.4-ийг үндэслэн Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн товыг хавар хүртэл хойшлуулах нь зүйтэй байна.

Таныг ардчиллын суурь үндэс болсон чөлөөт ардчилсан сонгуулийн тогтолцоогоо баталгаажуулах үүднээс энэхүү асуудалд ач холбогдол өгч, өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох арга хэмжээ авч ажиллана гэдэгт найдаж байна” гэжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш