Ерөнхий сайд Н.Алтанхуяг Европын холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа элчин сайд нартай уулзлаа. Ерөнхий сайд уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 57 дахь бүрэн эрхт гишүүн орон болоход Европын холбооноос дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийллээ. Тэрбээр мөн Монголд суугаа элчин сайдууд, дипломат төлөөлөгчид, дипломат корпусын ажилтнуудтай Шинэчлэлийн Засгийн газар ойр дотно харилцаж, бодлого зорилтоо тодорхой танилцуулан ажиллаж байгааг онцоллоо. Үүний нэг нь “Ерөнхий сайд ба 10 асуулт, 10 хариулт” уулзалт ба үүнийг цаашид тогтмол зохион байгуулж байх болно гэж Засгийн газрын тэргүүн тодотгосон юм.