Нэг бүдэрсэн МАН долоо бүдрэхээр дороо дэвхцэж байх хооронд гараанаасаа хурдалсан АН барианд орохоор дүүхэлзэж буй нь өнөөдрийн ярианы гол сэдэв болжээ
Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд АН үнэмлэхүй ялалт байгуулсныг намын дарга Н.Алтанхуяг баяртайгаар мэдэгдлээ. Урьдчилсан байдлаар 21 аймгаас 14-т нь ялалт байгуулсан АН, нийслэлийн есөн дүүрэгт Багахангайгаас бусдад нь олонх болж, оргилуун дарс буудуулсан гэнэ.
Ингэхдээ ардчиллын түүхэн дэх 23 жил дандаа МАН ялалт байгуулж, “улаан тойрог” гэгддэг байсан Увс, Говь-Алтай, Төв, Ховд, Булган зэрэг аймагт АН олонх болж ардчиллын цэнхэр туг мандсан нь энэ удаагийн орон нутгийн сонгуулийн гол онцлог боллоо
2012 он МАН-ын 90 жилийн түүхэнд хамгийн гашуун ялагдал хүлээсэн оноор тодорч, түүхэнд тэмдэглэгдэх нь гарцаагүй болоод байна. Бүхнийг дарга нарынхаа сэтгэлийн хөдөлгөөн, улстөрийн тооцоогүй давилуун зангаар шийдсэний балгаар Монголын хамгийн туршлагатай улстөрийн хүчний хувьд шившигтэй уналт, ялагдлыг энэ л өдрүүдэд амсаж явна.
Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулахгүй гэж муйхарлан зүтгэж, өнөөдрийн гутамшигтай ялагдалд намаа чирч оруулсан хариуцлагыг өөр хэнээс ч биш МАН-ын удирдлагуудаас асуух ёстой.
МАН-ын ЕНБД асан У.Хүрэлсүх орон нутгийн сонгуулиас урьтаад УИХ-ын гишүүнээс татгалзаж дөнгөсөн. Түүний дотор ямар бодол эргэлдэж байгааг одоогоор тааварлах аргагүй. Ард нь үлдсэн намын дарга асан С.Батболд, УИХ-ын гишүүн М.Энхболд, одоогийн ЕНБД Г.Занданшатар, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл нараас энэ удаагийн орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн гэм бурууг асууж, хариуцлага тооцох л ёстой.
Парламентын өндөр соёл, хариуцлага тооцох хатуухан ёс зүйтэй Япон, БНСУ, Тайвань зэрэг Азийн орнуудад улстөрийн сонгуульд нам нь ялагдал хүлээвэл өндөр тушаалын дарга нар нь парламентын гишүүнээс татгалзан албан тушаалаа хүлээлгэн өгч, намын нийт гишүүд, ард түмнээсээ уучлал гуйж, улстөрчийн хувьд хатуухан шийтгэл хүлээдэг.
Манайд бол эсрэгээрээ алдаа гаргасан дарга нартаа хариуцлага тооцохын оронд жирийн гишүүдийнхээ зүгээс гарч байгаа санал шүүмжлэлүүдийг муйхарлан дардаг МАН-д бараг л “буг” болтлоо албан тушаалтай зууралдаж яваа нөхдийг намынхаа удирдах зөвлөлд сонгодог гажиг тогтолцоо өнөөдрийг хүртэл амь бөхтэй оршиж байна.
Мөн шинэхэн ЕНБД Г.Занданшатар анхныхаа улстөрийн сонгуульд намаа ялагдалд хүргэсэн нь түүний шаардлага сул, үлбэгэр зориггүй, бусдыг араасаа дагуулах улстөрчийн манлайлал муутай нь салшгүй холбоотой
Харин МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн хувьд улстөрчийн туршлага, нэр хүндээр нийгэмд танигдсан нэгэн хэдий ч намаа сонгуульд ялуулах хэмжээний чадвартай баг бүрдүүлэн ажиллаж чадсангүй. Улстөрийн намын амжилт олох хамгийн эхний алхам нь уриа лоозон барин хашхирч, хоосон амлах биш бага ч гэсэн нүдэнд үзэгдэж, гарт баригдах бодит ажлаар ард олныхоо итгэлийг олж авахад л оршдог.
Энэ удаа МАН ард түмнийхээ итгэлийг олж авч чадсангүй. Тиймдээ ч сонгуульд ялагдлаа. Аливаа ялагдал ухаантай хүнд дараагийнх нь ялалтын замыг засч өгөх нь ч байдаг. МАН-ын хувьд энэ удаагийн ялалт ухаарал авч ирэх үү, уруудал доройтол дагуулах уу гэдгийг ойрын цаг хугацаа харуулна.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"