logo
Цагдаагийн хурандаа Т.Мягмарсүрэн: Цагдаагийн байгууллагын дэргэд анх удаа “Иргэдийн холбоо” байгуулсан

Цагдаагийн хурандаа Т.Мягмарсүрэн: Цагдаагийн байгууллагын дэргэд анх удаа “Иргэдийн холбоо” байгуулсан

2011/07/18
Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Мягмарсүрэнтэй ярилцлаа. Тэрээр Цагдаагийн ерөнхий газрын Шилдэг менежменттэй удирдагч төдийгүй 2010 оны Хөдөлмөрийн аварга ажээ.
-Танд Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойн баярын мэнд хүргэе.
-Цагдаагийн байгууллагад ажилласнаас хойш 30 жил болсон байна. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагын 90 жилийн ойтой золгож байгаадаа баяртай байна. Үе үеийн цагдаа нар тухайн үйлчилж буй нийгмийн хүрээнд иргэдийн амгалан тайван байдлыг хамгаалахын төлөө зохистой  үүргээ гүйцэтгэж ажилласан гэж бодож явдаг. Ойн баярын энэ өдөр үүргээ хангалттай биелүүлсэнд цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнд талархаж  байгаагаа илэрхийлье. 
- Та хөдөө орон нутагт олон жил ажилласан гэж байсан. Хаана, хаана ажиллаж байв.
-Анх Сэлэнгэ аймгийн Зүүн-Хараа, Завхан аймгийн Цагдаагийн хэлтэст хүүхдийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Мөн Хөтөлийн сум дундын Цагдаагийн хэлтсийн анхны дарга байлаа. Дараа нь Завхан аймгийн Цагдаагийн газрын эрүү эрхэлсэн дэд дарга, газрын даргаар, Говь-Сүмбэр аймгийн хэлтэсийн даргаар ажиллаж байсан. Одоо Хөвсгөл аймгийн Цагдаагийн Газрын даргаар ажиллаж байна. Ингэж ажилласан нь Цагдаагийн байгууллага надад итгэл хүлээлгэж тухайн албадуудыг удирдуулсан байх. Тиймээс Цагдаагийн байгууллагын үе үеийн удирдлагуудад  дахин баярласанаа илэрхийлье.
-Таны ажиллаж байсан газруудад хүн амын суурьшлын байдал харилцан адилгүй байжээ. Тухайн газруудын эрүүгийн нөхцөл байдал ямар хэмжээнд байв. Одоо ажиллаж  байгаа Хөвсгөл аймгийн тухайд ямар байна вэ?
- Аймгуудын эрүүгийн нөхцөл байдал өөр, өөр. Миний ажиллаж  байсан газрууд тухайн үед эрүүгийн нөхцөл байдал хүнд байдаг байлаа. Одоо Монголын цагдаагийн байгууллага хүн хүч, техникийн хувьд нэлээд хүчирхэгжсэн. Намайг ажиллаж байхад тийм зүйл байгаагүй. Би анх Завхан аймгийн гурван сум хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тэр үеэс хойш эргээд харахад Цагдаагийн байгууллага жилээс жилд хөгжсөн, бэхжсэн байгааг харахад Монголын цагдаа үүргээ нэртэй биелүүлсний баталгаа болжээ. Нөгөө талаар иргэд цагдаагийн байгууллагыг хүрээлдэг болсон. Энэ нь иргэд амар тайван амьдралын төлөө цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатайг ойлгосоны шинж. Ер нь нийгэмд учирч байгаа бэрхшээлтэй зүйлийн нэг нь гэмт хэрэг. Гэмт хэрэгтэй тэмцэхэд иргэдийн оролцоо, хүчин тусалцаа чухал. Хөвсгөл аймаг Монголын хамгийн олон хүн амтай аймаг. Тэр тусмаа зуны цагт аялал жуулчлалын улиралд эрүүгийн нөхцөл байдал хүндэрдэг. Олон үндэстэн ястан амьдардаг. Зан заншил нь сум, сумаараа өөр. Тэгэхээр хуулийн хэрэгжилтийг тухайн зан заншилд тохируулан хэрэгжүүлж ажиллана гэдэг цагдаагийн байгууллагын ажилтануудаас ихээхэн ур чадвар, мэдлэг оюун шаарддаг онцлогтой.
-90 жилийн ойн арга хэмжээнд ганцхан Хөвсгөл аймгийн цагдаагийн ахмадууд ирсэн байна. Цагдаагийн нийгмийн асуудлыг нэгдүгээрт тавьж буйн илэрхийлэл энэ болов уу. Хол нутгаас авчирна гэдэг нэлээд зардал мөнгө гарсан байх.
- Манай ахмадууд сэтгэл өндөр байгаа. Монголын Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойн арга хэмжээнд бүх ахмадуудаа Улаанбаатар хотод оролцуулах гэж эртнээс зорьсон. Одоогийн байдлаар 30 гаруй ахмад ирсэн. Манайх 60-аад ахмадтай. Өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагуудтай уулзуулж амьдрал ахуйд нь тулгарч буй бурхшээлүүдийг нь ойлгуулахыг зорилоо. Мөн Цагдаагийн байгууллагын 90 жилийн түүхийг манай ахмадууд бүтээлцсэн. Магадгүй ойд бид оролцохоос илүүтэй хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байсан ахмадууд маань оролцох ёстой гэж ойлгож ахмадуудаа авчирсан. Бусад аймгууд үүнийг туршлага болгох байхаа. Ахмадын санг байгуулж сангийнхаа хуримтлалаар зохицуулсан. Одоо Хөвсгөл аймагт Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ. Мөн 80-аас дээш насны ахмадууддаа хүндэтгэл үзүүлж амралтанд амраана. Ахмад настнаа тэтгэвэрт гарсны маргаашаас эхлээд баяртай гэдэг албан газар байдаг. Энэ байдалд би дургүйцэж явдаг. Тэр хүмүүсийн боловсорч байх цаг үед нь үр шимийг нь Монголын төр хүртсэн бол тэтгэвэрт гарсан цагт нь баяр баясгалан, зовлон жаргалыг нь хуваалцаж байх ёстой. 
- Одоо Хөвсгөл аймгийн эрүүгийн нөхцөл байдал таны ажил авсан тэр үетэй харицуулахад ямар хэмжээнд байна вэ?
- Малын хулгайтай тэмцэх ажил иргэдтэй хамтарч ажилласнаар сайжирсан. Нутгийн зөвлөл, Аймгийн ЗДТГ ихээхэн анхаарч ажилласан. Гэхдээ илааршиж болохгүй нөхцөл байдал бий. Иргэдийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг буурахгүй байна. Иргэдийн холбоог цагдаагийн байгууллагын дэргэд байгуулсан. Цагдаагийн байгууллагаас анх удаа иргэдийн холбоог байгуулж, цагдаагийн ажилд иргэд оролцож, хяналт тавьдаг тогтолцоог бий болголоо. Энэ нь цагдааг хянаж чөдөр тушаа болно гэсэн үг биш. Харин ч иргэдтэй хамтарснаар ялангуяа иргэдийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг буурахад тодорхой хувь нэмэр оруулна гэж бодож байгаа. Ингээд Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан Монголынхоо нийт ард түмэнд, бидэнд итгэж найдаж явдаг бүх хүмүүст болон бидний бат ар тал болсон гэр бүлийнхэндээ баярын мэнд дэвшүүлж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ц.Мягмарбаяр      
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш