Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн албан ёсны дүн гараагүй байна. Намууд өөр өөрийн өнцгөөр ялснаа зарлаж байгаа ч Сонгуулийн Ерөнхий Хороо дүлий мэт. Энэ завсар зарим нэг тойргуудад өрнөөд байсан маргаантай асуудлууд цэгцрэх шатандаа орж байгаа аж. Тухайлбал, Дундговь аймгийн ИТХ-д нэр дэвшсэн хуучин засаг дарга асан Д.Чандмань бурхан шашны билэгдлийг сонгуулийн сурталчилгаандаа удаа дараа ашиглан, орон нутгийн сонгуулийн тухай хуулийн зүйл заалтыг ноцтойгоор зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон байна. Тиймээс Дундговь аймгийн Сонгуулийн хороонд Д.Чандмань нэр дэвшигчийн нэрийг татах, сонгуулийнхаа дүнг үнэн мөнөөр нь нийтэд мэдээлэх ажил л үлдэж байгаа аж. Харин тус Сонгуулийн хороо хуулиа дээдэлж, экс засаг даргынхаа нэр дэвшигчийн эрхийг хасах уу, үгүй юу гэдэг нь асуулт болж үлдэж байна. Мөн Д.Чандманиас гадна нэр бүхий таван хүн шашны зан үйл ашиглан сонгуулийн сурталчилгаа хийсэн, мөнгө тараасан, өрсөлдөгчийн нэр хүндэд ноцтойгоор халдаж, гүтгэсэн болох нь шүүхээр тогтоогдоод байгаа юм байна. Тэгэхээр Дундговь аймгийн Сонгуулийн хороо нэлээдгүй чухал шийдвэрүүдийг хуулийн дагуу гаргах мундашгүй их ажилтай болж байгаа юм байна.
Ш.Булга
- - -
Ш.Булга
- - -