logo
Асуултын хариуг эндээс ол, Х.Тэмүүжин сайд аа

Асуултын хариуг эндээс ол, Х.Тэмүүжин сайд аа

2012/11/24

Эмнэлэг үү, оффис уу хэмээн ямар салбараа дэмжихээ мэдэхгүй тэмцэлдэж суугаа “өвдөх эрхгүй” сайдуудад бодит үнэнийг харуулахыг зорилоо, энэ удаа. Улсын хэмжээнд ганц гэгддэг Гэмтэл согог судлалын үндэсний төв өнөөх л түм түжигнэж бум бужигнасан хэвээрээ хүйтэн шал, ган төмрөөр эмжсэн бетонон шатнууд нь цас, цусанд хуучин өнөөх л янзаараа дүнсийнэ. 

Хөл гараа хугалж, нүд нүүр нь хавдаж бэртсэн, тэргэнцэр, насилктай хүмүүс битгий хэл эрүүл, саруул хүн анхаарал сэрэмж алдвал л халтирч бэртэж мэдэх гаднах орчны төрх, өөдлөх айлын үүд, хойморийг илтгэх дүр зураг лав үнэндээ биш ээ. “Хуучин” цагт эмнэлэг рүү ордог хаалга л байсан байх гэмээр хөндлөн мод, хүнд цоожоор бэхлэгдсэн нүх болгон хог хаягдал, амьтан хүний ялгадасаар дүүрчээ.

Монгол хүний эрүүл мэндийн төлөө хаалга нь нээлттэй байх ёстой энэ газарт орчны эрүүл ахуй гэх юм “нойл” заажээ. Хүүхэд байхдаа “Хүний юм” нэртэй Монгол киног яг ийм айдас, жихүүдэс дүүрэн сэтгэлээр үзэж байж билээ. Оршуулгын газрын хашааны хаалга өвлийн салхинд чихаран дуугарч, хон хэрээ ваагалан хаа сайгүй яаран нисэлдэх киноны аймшигт зураглал энэ эмнэлэг рүү орох бүрт санагддаг юм. 

Бариулгүй, шидмэсэн утаснаас татаж нээдэг хүнд төмөр хаалга онгойх бүртээ гол зурж чихараад, уйлсан, доголсон, ёолж сандарсан улс энд, тэндгүй “хөглөрөх” нь ямар ч хүний сэтгэлийн гүнд нуугдсан айдсыг сэдрээнэ. Цагдаагийн тасаг уу, эмнэлгийн газар уу гэж андуурмаар орсон хүн бүр зогтусмаар хаалган дээр нүд унах нь өнөөх айдсыг улам бүр лавшруулна. Эмч биш цагдаагийн ажилтан үүдэнд “хэрэг бүртгэдэг” бололтой юм аа. 

Энэ “хяналтын” хэсгийг өнгөрөөд шинэхэн шархтай иргэд аврал эрж эмчийг царайчилдаг цонх ч байхгүй хоосон өрөөнд сурагчийн ширээнээ тохой нийлүүлэн суух таван эмчийг хараад эмгэнэх ч шиг, инээд ч хүрэх шиг. Цагаан нөмрөгтэй таван том хүн нэг жижиг модон ширээний ард зэрэгцэж суугаад хүнд, хөнгөн бэртсэн өвчтнүүдийг үзэж байгааг хараад “ямар хөгийн юм бэ” гэхээс өөр бодол үнэндээ төрсөнгүй ээ. 

Яг одоо л эмнэлэг үү, оффис уу гэж асуумаар, хариултыг нь эмнэлэг гэж нэхмээр, хашгирмаар болов. Яах болж байнаа, Х.Тэмүүжин сайд аа. Хана, шал нь цас, цус, нулимсаар будагдаж ганц нэгхэн хижээл насны эмэгтэй нуруугаа тэнийлгэх завгүй шахам энэ бүхнийг тонголзон зүлгэх нь өрөвдмөөр юм. Хаана ч юм хүүхэд зогсолтгүй чарлах дуунд хөтлөгдсөөр гурван давхарт хүрээдхэв бид.

Дадлагажигч, ирээдүйн эмч сувилагч нар Гэмтлийн төв эмнэлэгт хувцас солих өрөөгүй эр, эмгүй хонгилийн цонхнууд бараадан “үзэгчдийн” өмнө цамц, өмд, гутлаа сольж гадуур хувцсаа цонхны тавиур дээр овоолж өнөөдрийн ажлаа ярьж хээвнэг инээлдэх нь найруулж, монтажлах хэрэггүй энэ салбарын тухай бодит кадр байгааг ийнхүү үгээр зурж сууна.

Үсний нэгээхэн ширхэг ч ширээ сандал, шалан дээр харагдах ёсгүй баймаар хамгийн цэвэрхэн байх газар бол эмнэлэг. Гэтэл үсний нэгээхэн ширхэг бүү хэл тамхины иш, архины шил, сонингийн тасархай, ундааны лааз гээд байхгүй юмгүй энэ газарт ариун цэврийн өрөөг дурьдахгүй өнгөрч боломгүй. Нямбай айлын чамбай хүүхэд ч нянгийн бохирдол хүртэж мэднэ хэмээн сэжиглээд орж чадхааргүй суултуур, угаалтуур угтав. 

Эрэгтэйчүүдийг хөнгөнөөр бие засахыг хориглосон бололтой, хананд тогтоосон хоёр ч суултуурыг сонингоор ороож битүү таглажээ. Өвчтэй хүн эдгэрнэ, эмчлүүлнэ гэх бодол тээхээсээ өмнө эмч нь юу гэж аашилж загнах бол, энэ олон хаалганы хаашаа нь ор гэх бол, хэзээ миний нэрийг дуудаж үзлэг хийх бол, хэнээр өргүүлж, түшүүлж хүрэх газраа очих юм бол...гэх мэт асуулт, эргэлзээг тээж суугааг анхаараасай, эмнэлгийн удирдлагууд. 

Эмнэлэг, эрүүлийг хамгаалах газар ийм байж болох уу. Энэ орчин үеийн эмнэлгийн стандартад нийцэх дүр төрх мөн үү гэдгийг асуумаар. Айдасгүй , дулаахан, тохилог цэвэрхэн, дотно гэрэлтэй орчин эмнэлгийн салбарт дутаад байгааг ороод гарах цөөхөн минутад тун ч их үгүйлэв. Ясны хугарал, зөөлөн эдийн бэртэл, гэмтлийг хараад цочихоо байсан эмч нарт насилк дээр ухаанаа алдан хэвтэж ирвэл л өвчтөн мэт ойлгогддог ялзарсан систем ч үйлчилсээр байна гэсэн гомдлыг өвчтөн, үйлчлүүлэгчдийн амнаас сонссноо эрх мэдэлтнүүдийн сонорт хүргэе. 

Бүтэц бүрэлдэхүүн, байр саваар нь шинэчлэх бодлого юутай дутна вэ Гэмтэл согог судлалын үндэсний төвд. Өнөөх хариулт нэхээд байгаа “Эмнэлэг үү, оффис уу” гэх асуултынхаа хариуг эндээс ол, Х.Тэмжүүжин сайд аа.

М.Мөнхтунгалаг
Эх сурвалж: “Нийгмийн Толь”

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш