Дэлхийн хэмжээнд 2012 оны байдлаар нийт 56 орон дангаар, 115 орон хамтарсан байдлаар хиймэл дагуулыг эзэмшиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар идэвхитэй 966 хиймэл дагуул байна. Монгол Улсад 1970 онд сансрын холбооны анхны газрын станц байгуулагдан, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнээс хойш 40 гаруй жилийн турш хиймэл дагуулын хэрэглээ болоод технологийн давуу талыг ашиглан, тодорхой мэдлэг туршлагыг хуримтлуулж байна. Сансрын холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчид нь гадны орны хиймэл дагуулаас зурвас түрээслэн харилцаа холбооны бүхий л үйлчилгээг олон нийтэд хүргэж байгаа юм. Төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хөдөө орон нутгийг шилэн кабелийн сүлжээгээр холбох ажлыг эрчимтэй хийж байгаа боловч хүн ам сийрэг суурьшсан манай орны хувьд өргөн уудам нутаг дэвсгэрт тархан суурьшсан өрх бүрт, цаашлаад иргэн бүрт харилцаа холбооны бүхий л төрлийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх асуудлыг сансрын холбооны хиймэл дагуул хөөргөснөөр шийдвэрлэх боломж нээгдэх юм. Дээрхи бодит шаардлагад үндэслэн Засгийн газрын /2012.11.24/ хуралдаанаас “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийг баталлаа. Урьдчилсан тооцоогоор харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөж, эзэмшихэд 350, тандан судалгааны хиймэл дагуул хөөргөж, эзэмшихэд 280 орчим тэрбум төгрөг шаардагдана хэмээн үзжээ. Энэ хөрөнгийг улсын төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, гадны зээл тусламж зэргээс санхүүжүүлэхээр хөтөлбөрт тусгасан байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2015 онд Монгол Улс Үндэсний хиймэл дагуул ашиглагч орон болно хэмээн тооцоолж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг мөн баталгаажууллаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлыг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамба нарт үүрэг болголоо.