logo
Хорооллуудын доторх авто замын нэвтрэх чадварыг сайжруулна

Хорооллуудын доторх авто замын нэвтрэх чадварыг сайжруулна

2012/11/27
Нийслэлийн нийгэм эдийн засгийн нийгмийн 2013 оны зорилт
 
НИТХ-ын Тэргүүлэгчид 11 сарын 26-нд хуралдаж, хуралдаанаар нийслэлийн 2013 оны нийгэм эдийн засгийн зорилт, 2013 оны төсөв, ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.
 
           Улаанбаатар хотын 2013 оны  хуралдаанаар Нийслэлийн  2013 оны эдийн засаг, нийгмийн  зорилтын төслийг Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Тэргүүлэгчдэд танилцууллаа. 
 
Монгол Улсын  Их Хурал энэ сарын 8-нд хуралдахдаа  “Монгол Улсын 2013 оны төсвийн тухай” хуулийг хэлэлцэн баталсан юм. Энэхүү хуулиар 2013 оноос шинээр бий болж буй орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэл хотод 41,5 тэрбум төгрөгийн орлогын шилжүүлэг олгохоор баталжээ. Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн боловсрол, соёл, биеийн тамир, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний зардлыг улсын төсвийн тусгай шилжүүлгээр орон нутаг санхүүжүүлдэг болсонтой холбогдуулан 223,7 тэрбум төгрөг дээрх зардлуудад зарцуулагдахаар батлагдсан байна.  Мөн нийслэл хотод улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 248,0 тэрбум төгрөгийн 146 төсөл, арга хэмжээ, гадаадын зээлийн эх үүсвэрээс 44,5 тэрбум төгрөгийн 4 томоохон хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр хуульчилан батлагдсан байна. Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд 248,0 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсаныг салбарын хувьд багцалж үзвэл хот байгуулалт, дэд бүтэц, агаарын бохирдлыг бууруулахад 28,8 хувь, авто зам, нийтийн тээврийн салбарт 37,6 хувь, боловсролын салбарт 12,4 хувь, эрүүл мэндийн салбарт 3,8 хувь, төрийн үйлчилгээг сайжруулахад 3,5 хувь, гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажилд 7,0 хувь, соёл, спортын салбарт 6,9 хувийг тус тус зарцуулахаар тооцоо гарчээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллыг барилгажуулах, орон сууцны шинэ хороолол барих бэлтгэлийг хангах зорилгоор дулаан цахилгааны станцуудын шинэчлэлтийн ажил,  цахилгааны “Их тойруу”, "Сонгино", "Их тойрог", "Баянгол" хорооллын дэд станцууд, ЦДАШ-уудыг барьж байгуулах ажлыг үргэлжлүүлэн хийнэ.  Мөн цэвэр, бохир усны гол шугамуудыг өргөтгөн шинэчлэх, гэр хороололд бага оврын цэвэрлэх байгууламжуудыг барих ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Улаанбаатар хотын гэр хорооллын гэрэлгүй айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналттай айл өрхийн цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулахад 4,0 тэрбум төгрөгийг зарцуулах юм.
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн  2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр НИТХ-ын ээлжит бус 5 дугаар хуралдаанаар буюу энэ сарын 15-ны өдөр  батлагдсан юм.   Үйл ажиллагааны хөтөлбөр    5 бүлэг,  123 заалттай.  Улаанбаатар хотыг хөгжүүлэх 5А зорилтын хүрээнд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан гэдгийг тэрбээр танилцуулав.   Үүнд: 
Агаар цэвэр Улаанбаатар бүлэгт  24 заалт  оржээ.
Амины сууцтай Улаанбаатар бүлэгт нийт 19 заалт, 
Ажилтай, орлоготой  Улаанбаатар бүлэгт  нийт 31 заалт,
 Аюулгүй, амгалан Улаанбаатар бүлэгт нийт  34 заалт, 
Авилгагүй Улаанбаатар бүлэгт нийт  15 заалт орсон байна.
 
  Энэхүү үйл ажиллагааны  хөтөлбөрийн хүрээнд   398 ажлыг 2013 онд хэрэгжүүлэхээр нийслэлийн  зорилтын төсөлд тусгажээ.  Улс, нийслэлийн төсвөөр хийгдэж буй, шинээр барих, өргөтгөх барилга, байгууламжийн  зураг төслийг боловсруулах ажлууд, 6 сургууль, 11 цэцэрлэг болон 5 спорт цогцолбор барих ажил, шинээр барих 86 км, өргөтгөж шинэчлэх 68 км авто зам, төрийн үйлчилгээний /цагдаа, эмнэлэг, түргэн тусламжийн болон гал унтраах пунктууд/ барилгуудын ажил, нийтийн тээврийн болон цагдаагийн байгууллагын парк шинэчлэлт  гэх мэт ажлууд тусгагдсан байна.   Нийслэлийн авто замын салбарт 2013 онд улсын төсвөөс 93,2  тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж  75,5 км авто замыг өргөтгөн шинэчлэх буюу шинээр барьж эхлүүлнэ. Энэ ажлын хүрээнд Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн замын уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто зам, Зүүн салааны 3.6 км авто зам, Туул жин пангийн уулзвараас зүүн тийш-Цайз зах хүртэлх 2.8 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Бэлхийн 5 км авто замын шинэчлэл, Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км авто зам, 39-р сургуулийн зүүн урд талын уулзвараас Хүчит шонхор зах-эцсийн буудал хүртэлх 1.6 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Баянбүрдийн тойргоос 32 тойрог хүртэлх 1.7 авто замын шинэчлэлт, МТ-ын ШТС-ийн уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх 3.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Зайсангийн 224м гүүрийн өргөтгел шинэчлэлтийг хийхээр тооцжээ. 
 
 Эрүүл мэндийн салбарт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 онд 9,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Тодруулбал Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 100 ортой барилга, Хан-Уул дүүрэгт баригдах 300 ортой төрөх эмнэлэг, Хонхор тосгоны 10 ортой эмнэлэг тус тус багтжээ. Нийслэлийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2013 онд Улсын төсвөөр 30,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Тухайлбал 1075 ор бүхий 11 цэцэрлэг, 6300 суудал бүхий 9 сургууль,  4 спорт заал баригдах юм байна. Дээрхи хөрөнгө оруулалтын үр дүнд боловсролын хүртээмж, сургалтын орчин сайжирч, бага насны хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд хүмүүжих нөхцөл дээшлэнэ гэж тооцсон байна.
 
 Нийслэлийн 2013 оны төсөв
 
 Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулиар нийслэлийн 2013 оны төсвийн орлогын хэмжээг 358,3 тэрбум төгрөгөөр,  суурь урсгал зардлыг 166,5 тэрбум төгрөгөөр,  хөрөнгө оруулалтад 188,2 тэрбум төгрөг зарцуулагдахаар баталсан байна.  Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн боловсрол, соёл, биеийн тамир, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний зардлыг улсын төсвийн тусгай шилжүүлгээр орон нутаг санхүүжүүлдэг болсонтой холбогдуулан 223,7 тэрбум төгрөг дээрх зардлуудад зарцуулагдахаар батлагджээ.  Мөн нийслэл хотод улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 248,0 тэрбум төгрөгийн 146 төсөл, арга хэмжээ, гадаадын зээлийн эх үүсвэрээс 44,5 тэрбум төгрөгийн 4 томоохон хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр хуульчилан батлагджээ.
 
 Нийслэлийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулахдаа Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2013 оны зорилттой нягт уялдуулан, нийслэлийн иргэдийн эрэлтэнд тулгуурлан боловсруулж байгаа юм байна.             Нийслэлийн  2013 оны  хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний бэлтгэл хангах зорилгоор нийслэлийн 2012 оны төсвөөс 10,0 тэрбум төгрөг зарцуулж шинээр баригдах сургууль, цэцэрлэг, эмнэлэг, авто зам, инженерийн шугам сүлжээний ажлуудын зураг төсвийг боловсруулсан аж. Шинээр батлагдан гарсан төсвийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2013 он нь төсвийн бодлогын ил тод байдал, шинэчлэл, хариуцлагын тогтолцоо болон  төрийн захиргааны анхан шатны нэгж, байгууллага дүүргүүдийн эрх хэмжээг нэмэгдүүлэхэд ахиц өөрчлөлт гарсан төсвийн шинэчлэлийн жил байх болно. Төсвийн тухай хуулийн дагуу Монгол Улсын орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгож буй 41,5 тэрбум төгрөгийн орлогын шилжүүлгийн 60 хувь нь дүүргүүдийн хөгжлийн санд шилжиж, 40 хувь буюу 16,6 тэрбум төгрөг нь нийслэлийн хөгжлийн санд үлдэж, иргэд та бүхний саналыг үндэслэж дээрх хөрөнгийг хэрхэн зарцуулахыг шийдвэрлэх болно  гэж Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа.  
 
Танилцуулгатай холбогдон Тэргүүлэгчид асуулт асууж хариулт авлаа.  Тэргүүлэгч Л.Нарантуяа, С.Амарсайхан, Л.Наранбаатар, Л.Сайнтөгс нар асуулт асууж хариулт авлаа.Тодруулбал Л. Наранбаатар гэр хороололд дөрвөн халуун ус барихаар төсөвт суулгасан байна. Гэвч хоёр нь Сонгино-Хайрхан дүүрэгт оногджээ. Чингэлтэй дүүргийн гэр хороололд нэг нь байж яагаад болоогүй юм бэ хэмээн асуув. Төлөөлөгчийн эл асуултад “Сонгино хайрхан дүүргийн хоёр халуун усны газар нь шийдвэрлэгдсэн тул төсөвт тусгасан. Газар нь шийдэгдээгүй нөхцөлд төсөвт мөнгө суулгах нь биелдэггүй буцдаг. Иймээс СХД хоёр халуун ус барих мөнгө төсөвт суусан” хэмээн нийслэлийн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү хариуллаа. 
 
Дүүргийн Засаг дарга нарын газрын тухай захирамжийг хянана
 
 НИТХ-ын Тэргүүлэгдийн хуралд Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг танилцууллаа. 
 
Газрын харилцаа, барилга,  геодези, зураг зүйн газрын даргын 2010 оны 589 дугаар тушаалаар баталсан “Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”-ын дагуу   2013 онд Газар зохион байгуулалтын  төлөвлөгөөг   боловсруулжээ.  
 
“Газрын менежментийг хэрэгжүүлэх” 
“Иргэдэд өмчлүүлэх газрын байршил” 
“ Эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ” 
“Явган болон авто замын барилга, байгууламжийн талаар Нөхөх олговор олгох газрын байршил, хэмжээ, зардал”
“ Газрын элэгдэл, эвдрэл, доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх газрын байршил хэмжээ” 
“Газрын төлбөрийн талаар хэрэгжүүлэх арга хэмжээ”
“Газрын татварын талаар хэрэгжүүлэх арга хэмжээ” гэсэн  8 бүлэг 409 ажлыг багтаажээ.
 
Тухайлбал:Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хуулийг боловсруулан батлуулах, Иргэдийн оролцоотойгоор газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулан хэрэгжүүлэхээр тусгажээ.
 
“ Нийслэл Улаанбаатар хотын газар олголт, барилгажилт, хот байгуулалтын нийтлэг журам”-ыг батлуулан мөрдөж ажиллах, Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний хүрээнд нөлөөлөлд өртсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж, өмчлөж байгаа газарт олгох нөхөх олговрын үнэлгээг зах зээлийн үнэлгээнд ойртуулан тооцох аргачлалыг боловсруулан холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг томоохон ажлууд багтсан байна.
 Нийслэлийн нутаг дэвсгэрийн бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлд олгогдоогүй төрийн өмчийн газар болон хот, тосгон бусад суурины газрын нийтийн эдэлбэрийн газрын тооллого хийж, дээрхи газруудын байршил, хил зааг, тоо, хэмжээг тодорхойлон тэмдэгжүүлэн  хамгаалах, Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх замаар дэд бүтэц бүхий тохилог амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дүүрэг, хороо тус бүрээр бүсчлэн боловсруулах зөв хэмээн үзжээ.  Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төлөвлөлтийг дүүрэг бүрт иргэдийн санаачлага, оролцоотойгоор хийж загвар төсөл боловсруулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.  Хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээнд холбогдох болон шугам сүлжээнд холбогдохоор шинээр тусгагдсан газруудад дүүргийн  Засаг дарга нарын зөвшөөрөл олгосон  захирамжуудыг судлан үзэж, хууль зөрчсөн тохиолдолд хүчингүй болгоно.
 
 Бусдын эзэмшил ашиглалт өмчлөлд олгогдоогүй газар болон нийтийн эдэлбэрийн газрыг гэрчилгээжүүлэн газрын улсын бүртгэлд бүртгэх зэрэг томоохон ажлуудыг ирэх оны эхний улиралд хийхээр төлөвлөсөн байна.  
Иргэдэд өмчлүүлэх газрын байршил хэмжээний хувьд 2013 онд шинээр эзэмшүүлэн өмчлүүлэх газрыг газрын тухай багц хууль болон Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон баримт бичгийг батлагдсаны дараа тодорхой байршлуудад шинээр суурьшил бий болгох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулан, дэд бүтэц бий болгон хэрэгжүүлэхээр тооцож байгаа тул энэхүү төлөвлөгөөнд тусгаагүй аж.  Дахин төлөвлөлт хийж, шинэчлэн зураг төсөв боловсруулах гэр хороололд  нийт 24 байршилд 1050,5 га газарыг төлөвлөж байгаа юм. Цэцэрлэгт хүрээлэн, бичил цэцэрлэг байгуулахад  нийт 12 байршилд  11.06 га газарыг төлөвлөөд байна.   Явган болон авто замын барилга байгууламжийн хувьд,  Явган хүний болон гүйлтийн зам нийт 2 байршилд 3.5 га , Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах авто зам, замын байгууламж нийт 14 байршилд 489.6 га , Нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдах авто зам, замын байгууламж нийт 17 байршилд 126.1 га, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдах авто зам, замын байгууламж нийт 17 байршилд 736.7 га, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлттэй зээлийн хүрээнд баригдах авто зам, замын байгууламж нийт 6 байршилд 58.9 га, Хотын хорооллын доторх авто замын нэвтрэх чадварыг сайжруулах талаар хийх судалгаа нийт 11 байршилд 152.2 га газрыг тус тус төлөвлөсөн байна. Ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Баянгол дүүрэг соёлын төв барих, Чингэлтэй дүүргийн 8-р хороонд 150 хүүхдийн цэцэрлэг барих газар, мөн дүүргийн 14-р хороонд 640 суудалтай сургууль барих газар зэрэг төлөвлөгөөт ажил тусгагдсан бөгөөд эдгээр  газруудыг иргэдээс худалдан авах, нөхөн олговор олгох зэргээр шийдвэрлэх боломж байгаа гэж танилцуулгад  дурдлаа.
 
           Мөн Нийслэлийн өмчөөс 2013 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт, концессийн зүйлийн жагсаалтанд өөрчлөлт оруулах тухай Тэргүүлэгчид хэлэлцэж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд оруулахыг дэмжиж,   НИТХ-ын ээлжит 6-дугаар хуралдааныг 11-р сарын 29-ны 09:00 цагт  хуралдуулах товыг баталлаа.
НИТХ-ын ээлжит 6-дугаар хуралдаанаар, “Нийслэлийн 2013 оны эдийн засаг, нийгмийн зорилт, Нийслэлийн өмчөөс 2013 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтанд өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай, нийслэлийн Аудитын газрын тайлан, 2013-2013 онд дамжин хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт, нийслэлийн 2013 оны төсвийн тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм  гэж Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш