logo
АИ-92 автобензиний хязгаарлалтыг зогсоожээ

АИ-92 автобензиний хязгаарлалтыг зогсоожээ

2011/07/18
Шатахууны хомсдолгүй сайхан наадлаа хэмээн Түлш, эрчим хүчний яамнаас мэдээллээ. 
ОХУ-ын дотоодын нөхцөл байдлаас шалтгаалан 5 дугаар сарын сүүлээс эхлэн дизелийн түлш, 6 дугаар сарын сүүлээс эхлэн өндөр октантай автобензиний хангамж, нийлүүлэлтэд саатал үүсч манай импортлогч компаниуд дээрх төрлийн шатахуунд тодорхой хэмжээний хязгаарлалт хийгээд байсан билээ. 
Энэхүү нөхцөл байдлыг зохицуулахаар ажилласны дүнд улсын баяр наадмаар түлшний хангамжтай холбоотой асуудал гараагүй байна. 2011 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн АИ-92 автобензиний хязгаарлалтыг зогсоож,  шатахуун түгээх станцуудаар дамжуулан хэрэглэгчдэд бэлэн мөнгө, карт, талоноор чөлөөтэй худалдаалж эхэлжээ.
Энэ хугацаанд ОХУ-ын “Роснефть”, “ТНК-ВР” компани болон БНХАУ-ын “Чайна Ойл” компаниас дизелийн түлш импортоор авах нэмэлт гэрээ байгуулж, хэрэглэгчдэд худалдаалж буй юм байна. 
Газрын тосны газрын дарга Д. Амарсайхан тэргүүтэй төр, хувийн хэвшлийн ажлын хэсэг ОХУ-д ажиллан ОХУ-ын “Роснефть” компаниас сар бүр 40,000 тонн дизелийн түлш, 10,000 тонн өндөр октантай автобензин импортоор тогтмол авч байх урт хугацааны гэрээ байгуулж, уг хэмжээний шатахууныг “Роснефть” компани баталгаатай нийлүүлж байх үүргийг хүлээсэн байна. 
Түүнчлэн дээрх гэрээг байгуулсан даруйд “Роснефть” компанийн Ангарскийн үйлдвэрээс 5000 тонн АИ-92 маркийн автобензин наадмаас өмнө ачигдан ирж худалдаанд гарсан аж. Мөн БНХАУ, БНСУ-аас автобензин, дизелийн түлш авах яриа хэлцэл хийж, дээрх орны зарим компанитай шатахуун нийлүүлэх гэрээ хэлцэл байгуулах ажил явагдаж байгаа юм байна. 
Г.Жаргал
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш