Өчигдөр тэсрэх бодис биедээ тээсэн буутай хүмүүс Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайгийн ойрын зөвлөх, парламентын гишүүнийг хөнөөжээ. Ийнхүү Афганы ерөнхийлөгчийн ойрын хүрээний хүмүүсийн эсрэг дахин халдлага гарлаа. Жан Мохамед Хан овог аймгуудтай холбоотой асуудлаар Карзайд зөвлөгөө өгдөг байжээ. Түүнийг хөнөөснөөс хэд хоногийн өмнө ерөнхийлөгчийн эцэг нэгтэй дүү, Афганистаны өмнөд хэсгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болох Ахмед Вали Карзай халдлагад өртөн амь үрэгдсэн. Тэсрэх бөмбөг, буугаар зэвсэглэсэн хоёр хүн нийслэл Кабул хотын баруун хэсэг дэх Карти Чар дүүрэгт байдаг Жан Мохамед Ханы гэр лүү халдсан тухай Афганы батлан хамгаалах яамны албаны хүн мэдэгджээ. 2002 оноос 2006 оны гуравдугаар сар хүртэл өмнөд хэсгийн Паштунчууд давамгайлдаг Урузган мужийн захирагчаар ажиллаж байсан Ханыг тус мужийн хууль тогтоогч Мохамед Ашим Ватанвалын хамт буудан хөнөөсөн юм байна. Кабул хотын цагдаагийн мөрдөн шалгах албаны даргын мэдэгдсэнээр халдлага үйлдсэн нэг этгээдийг тэсрэх бөмбөгөө ажиллагаанд оруулахаас нь өмнө хөнөөсөн учраас түүний хамтрагч барилгаас гарах боломжгүй болжээ. Тэр шөнө буун дуу ихээр гарч байсан бөгөөд өнөө өглөө хийсэн бичлэгээс Жан Мохамед Ханы байшингаас утаа гарч байгааг харж болохоор байна. Мөн түүний гэрийг цагдаа нар хамгаалалтандаа авчээ. Кабул хотын армийн 111-р корпусын командлагч, генерал Кадам Шах халдлага үйлдсэн хоёр этгээдийг хөнөөсөн, нөхцөл байдал хяналтанд орсон гэж мэдэгдсэн байна. Талибын төлөөлөгч Забиула Мужахид зэвсэгт бүлэглэлийнхээ өмнөөс энэхүү халдлагыг үйлдсэн гэдгээ хүлээжээ. Талибууд Ханыг хөнөөсөн, яагаад гэвэл тэр Афганчуудын эсрэг шөнийн дайралт хийсэн холбоотны хүчнийхэнд тусалж байсан гэж Мужахид хэлсэн байна. НАТО-ын явуулсан тэдгээр дайралтууд нь Талибын дайчдыг болоод дунд шатны командлагчдыг устгаж, эсвэл баривчлан саатуулахад маш үр дүнтэй байсан юм.
Э.АМАР
Э.АМАР