Өнөөдрөөс ихэнх нутгаар цочир хүйтэрч, цасан шуурга шуурах төлөвтэй байгааг Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Маргаашаас нутгийн зүүн хэсгээрээ цас орж, салхины хурд секундэд 16-18 метрт хүрч, хүчтэй цасан шуурга шуурах гэнэ. Энэ үеэр хүйтний эрч эрс чангарч, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутаг, Баянхонгор аймгийн өмнөд, Дундговь аймгийн баруун хэсгээр, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шуурах төлөвтэй байна.
Шөнөдөө Завхан аймгийн зүүн, Өвөрхангай аймгийн хойд, Булган, Архангай, Сэлэнгэ аймгийн өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, өдөртөө Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Улаанбаатар хот орчмоор цасан шуурга шуурах ажээ.
Арваннэгдүгээр сар гарснаас хойш манай улсын нийт нутгийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтоод буй. Цаг агаар хүндэрснээс болж долоон аймгийн 16 суманд мал бэлчээрлэх боломжгүй, 11 аймгийн 27 суманд малын бэлчээрлэлт хүндэрч, зарим аймагт даваа, гүвээ цасанд боогдоод байна.
Иймээс ард иргэдийг, хол газар зорчих, малдаа явахдаа дулаан хувцаслаж, сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"