logo
 Гуа Баожины самрын хэрэгт Хятадын мафи оролцсон уу

Гуа Баожины самрын хэрэгт Хятадын мафи оролцсон уу

2012/11/27
Гуа Баожинг хил давуулсан этгээдүүд Хятадын мафийн бүлэглэлийнхэн байж магадгүй гэж хуулийн хүрээнийхэн ярилцаж байна

 Одоогоос хоёр жилийн өмнө БНХАУ-ын иргэн Монгол Улсын хилээр их хэмжээний хушны самар гаргах гэж байгаад баригдсан. Гэтэл энэ хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүйгээр үл барам, эзэн холбогдогч нь ор сураггүй болчихжээ. Үүнийг цагдаагийнхан нууцалж байсан нь саяхан тодорхой болж, Монголын эрүүгийн ертөнцөд “Самрын” гэх тодотголтой хэрэг дахин шуугиан тарьж эхэллээ.
 
Самартайгаа алга болсон хятад иргэний сураг гарсангүй
 
Хэргийг нэхэн тодруулъя. Хятад улсын иргэн Гуа Баожин гэгч 2010 оны өвөл их хэмжээний самрыг хил давуулах гэж байхад манай хууль хяналтын байгууллагынхан шуурхай ажиллаж, газар дээр нь илрүүлсэн байдаг. Үйлдэл дээр нь, шууд нотлох ба­римттайгаар илрүүлсэн гэдэг утгаар уг хэрэгт таг­нуулынхан эрүүгийн хэрэг үүсгэж, самрыг нь битүүмжлэн, хадгалсан.

Гэтэл эрүүгийн гэмт хэргийн сэжигтэн, самрын наймааны гол эзэн холбогдогч Гуа Баожин батлан даалтад торох юмгүй гарч, нэг их удалгүй оргон зайлсан аж. Хамгийн ээдрээтэй, бас хачирхалтай нь Гуа Баожиныг алга болохтой зэрэгцэн мөнөөх битүүмжилсэн самар ч сураг  алдарсан байх юм.

Энэ хэрэг ийнхүү сунжирсаар сая нэг юм Гуа Баожины сураг бүдэг бадаг гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Гуа Баожинг батлан даалтад байх хугацаанд манай улсын хоёр иргэн түүнтэй их л учиртай уулздаг байж.

Мөн түүнийг хил даван зугтахад нутаг нэгтнүүд нь оролцож, бараг л кинонд гардаг шиг нууц ажиллагаа зохион байгуулсныг Мон­голын цагдаа, тагнуулууд мэдэх нь бүү хэл зүүдлээ ч үгүй гэх.

Энд нэг ноцтой мэдээ­лэл байгаа нь, Гуа Бао­жинг хил давуулсан  этгээ­дүүд    Хятадын мафийн бүлэг­лэлийнхэн байж  магадгүй гэж хуулийн хүрээнийхэн ярилцаж байна. Гадаад харилцааны яаманд ирсэн албан мэдэгдэлд дээрх хоёр хятад иргэнийг хүн хулгайлсан хэмээн шүүж, хорих ял оноосон гэж тодор­хойлсон аж. Үүнээс харахад Монголд дураараа дургиж буй хятадууд мафийн сүл­жээг ч оруулж ирсэн байхыг үгүйсгэх аргагүй юм.

Хэрэг хуучирдаггүй

УПЕГ-аас Гуа Баожины хэргийг дахин сэргээж, түүнтэй холбоотой бүхнийг шалгахаар болсон нь Монголын баялгийг хэн дуртай нь цөлмөж болдог гэж ойлгосон гадныханд сургамж болов.

 Ер нь хятадууд Монголоос хаш, мана, булга, минжний арьс, хөлдүү чоно, Хар ус нуурын загас, хушны самар гээд аль өнгөтэй бүхнийг ил, далдаар хил давуулсаар байгаа.

Тухайлбал, олны дунд “27 вагон самрын хэрэг” гэж алдаршсан наймааг гар­дан хийх гэж байсан хятадыг саатуулж чадсан. Харамсалтай нь, бас л алд­чихсан. Түр саатуулах байр­ны төмөр хаалгыг эвд­лээд, эсвэл гааль дээр манайхны тархийг эргэтэл хуураад гараад явчихсан гэвэл итгэхэд бэрх. Үүнээс үзэхэд “Эдгээр хэрэгтний гар хөл болсон, бүр бизнесийнх нь түнш байж мэдэх нөхөд манай томчуудын хүрээлэлд байгаа”  гэх яриа үнэний ортой  мэт  санагдана.  Тэгэ­хээр Гуа Баожины хэр­гийг дахин сэргээж буй прокурорын бай­гууллага хэргийг сайтар нягталж, Монголын хууль хүчтэй, баялаг нь зөвхөн ард түм­нийх гэдгийг батлах нь чухал  юм.

Ямартай ч дээрх хятад иргэний талаарх мэдээллийг бид дараагийн дугаартаа мэ­дээлэх болно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш