Харин МУГТ Ч.Цэвээнпүрэв өрсөлдөгчөө өөртөө дуудаж, хариу довтолгоонд суурилсан тактик баримталсан. Дауд Ёрдан манай боксчны арга барилыг нэвт судалсан нь харагдаж байв. Эхний зургаан раундын турш хоёр тамирчин нэгнээсээ төдийлөн ялгарсангүй. Энэ тэнцүү, шилдэг тулаан үзүүлсэн хоёр боксчинд үзэгчид раунд бүрийн төгсгөлд халуун баяр хүргэж байсан.
Дауд Ёрдан энэ цолыг хүртээд удаагүй байгаа гэдгээ харуулахын сацуу өөрөөсөө 16 насаар ах боксчноос харьцангуй бага ядарч байсан. Ингээд 12 раундын хүнд тулааны дараа шүүгч Ёрданд ялалт өгсөн юм. Хэдийгээр Ч.Цэвээнпүрэв гавьяат ялагдсан ч энэ спортоор хичээллэдэг, сонирхдог залуу үеийнхэнд үлгэр жишээ болохуйц тулаан хийлээ. Дашрамд дуулгахад, Ч.Цэвээнпүрэв гавьяатын дасгалжуулагчаар МУГТ, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган ажиллаж байсан. Тиймээс түүнийг мэргэжлийн бокст замналаа холбох гэж байна уу гэсэн хардлага олны дунд байна.
Ч.Цэвээнпүрэв гавьяат энэ алдрыг хүртэхийн тулд 20 жилийн хөдөлмөрөө зарцуулсныг тайлбарлагч хоолой зангируулан ярьж байлаа. Гэхдээ тэрбээр энэ тулааны дараа зодог тайлахгүй учир дахин ийм боломж өөрт нь ирэх мөчийг хүлээх сэтгэл зүй бэлтгэгдсэн тамирчин билээ. Хорин жилийн турш өдөр бүр дор хаяж хоёр удаагийн бэлтгэл хийж, боксын спортод зориулж байгаа түүний нөр их хөдөлмөрийг монгол түмэн харсан биз ээ.