logo
Харумафүжи зодог тайлах уу?

Харумафүжи зодог тайлах уу?

2012/11/28
Башё өндөрлөсний дараа хуралддаг уламжлалтай Ёкозунагийн зөвлөл өнгөрөгч даваа гаригт хуралдаж, арваннэгдүгээр сарын кюшүю башёд ёкозуна Хакухо, Харумафүжи нарын үзүүлсэн амжилтыг дүгнэн хэлэлцсэн байна.

Сумогийн холбооны дэргэхэд Ёкозунагийн зөвлөлийн хурлаар хөндсөн гол асуудал нь шинэ ёкозуна Харумафүжи байв. Хоёр башё дараалан 15-0 гэсэн амжилтаар тэргүүлж, сумогийн дээд цолд хүрсэн отгон ёкозуна нэлээд шүүмжлэлд өртөж, түүнийг зодог тайлуулах тухай асуудал ч хөндөгдсөн байна.

Токио хотын Кокугикан ордонд хуралдсан Ёкозунагийн зөвлөлийн хурлаар ёкозуна Харумафүжи өнгөрсөн башёд тун хангалтгүй амжилт үзүүлсэн, энэ нь түүнийг сумогийн дохёг орхих хэмжээнд ч хүргэж болзошгүй хэмээжээ. Сумогийн холбооны үйл ажиллагаа, бодлого шийдвэрт нөлөөлөхүйц хэмжээний нэр хүндтэй Ёкозунагийн зөвлөлийг тэргүүлдэг Такүхико Цурута хурлын үеэр Харумафүжигийн талаар “Ёкозунагийн хувьд хамгийн багадаа 10-аас дээш даваа авах ёстой. Үгүй бол сумогийн дээд цолыг үнэгүйдүүлсэн хэрэг болно” хэмээжээ.
Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж кюүшю башёгийн хоёр дахь өдрийн барилдаанд анхлан өвдөг шороодож, мөн сүүлийн таван өдрийн барилдаанд дараалан унаснаар есөн даваа, зургаан унаатай башёг өндөрлүүлсэн юм. Дараалан таван барилдаанд өвдөг шороодсон нь үнэндээ сумогийн түүхэнд ёкозуна цолтны гаргаж байгаагүй тааруу амжилт гэнэ.

“Харумафүжи ийм тааруу амжилт гаргасан нь үнэндээ бид дэндүү яарч шийдвэр гаргасан гэдэг бодолд хөтөлж байна. Бид түүнд хүндэтгэлтэй хандсан, харин Харумафүжи бидний таамаг, төсөөлөлд хүрсэнгүй” хэмээн ноён Цурута хэлсэн байна. Харин Ёкозунагийн зөвлөлийн гишүүн, жүжигчин Савамура Таносүкэ нэгдүгээр сард болох оны тэргүүн башёд Харумафүжи 10-аас дээш давахгүй бол хүчээр зодог тайлах хэмжээнд хүрч болзошгүй гэдгийг онцолсон гэнэ.

Ер нь ёкозунагийн хувьд өрсөлдөөн үзүүлэхүйц хэмжээнд барилдаж чадахгүй байгаа сумочид ямар нэг сануулга, анхааруулга өгөх, эсвэл шаардлага тавьж, болзол тавих асуудлаар Ёкозунагийн зөвлөл ямар нэг шийд гаргаагүй байна.

Харин их аварга Хакухогийн тухайд өрсөлдөгч нь сул байх тусам түүнд илүү хялбар байх болно гэдгийг зөвлөлийн хурлаар ярилцсан гэнэ. Хакухо М.Даваажаргал 14 даваатай башёд тэргүүлж, Эзэн хааны цомыг 23 дахь удаагаа хүртсэн бөгөөд түүнээс гадна озэки Кисэносато, сэкиваки Гоэйдо болон цолгүй өөр таван бөх Харумафүжигээс илүү амжилт үзүүлсэн билээ.

С.ЦЭЛМЭГ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш