logo
Н.Энхбаяр нарыг шүүх хурлын тов тодорлоо

Н.Энхбаяр нарыг шүүх хурлын тов тодорлоо

2012/11/28
МАХН-ын дарга Н.Энхбаяр болон До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүхэд хэлэлцэх хурлын тов гарчээ. Тодруулбал, тэдний хэргийг Улсын дээд шүүхэд энэ сарын 30-нд буюу ирэх баасан гаригт 09.00 цагт шүүх юм байна.

Н.Энхбаяр нарыг шүүх анхан шатны хурал өнгөрсөн наймдугаар сарын 2-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон. Тус хурлаас Эрүүгийн хуулийн 263.2, 150.3-т зааснаар  Н.Энхбаярыг төрийн албан тушаалаа урвуулан ашиглаж,  аж ахуйн нэгж байгууллагаас онц их хэмжээний хөрөнгө завшсан хэргээр нийт 25 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, дөрвөн жилийн хорих ял, До.Чулуунбаатарыг бусадтай бүлэглэн, аж ахуйн нэгжээс онц их хэмжээний хөрөнгө  завшсан хэргээр хоёр жилийн ял оноож, 10 сая төгрөгийн эд хөрөнгө хураахаар шийдвэрлэсэн. Мөн  Ж.Мягмаржаргалыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг завшсан, мөн давтан үйлдлээр мөрийтэй тоглоом тоглосон нь нотлогдсон тул 25 сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 3.6 жилийн хорих ялаар тус тус шийтгэсэн билээ. Харин Д.Дуламсүрэнг бусадтай бүлэглэн, онц их хэмжээний хөрөнгө завшсан хэргээр ял оногдуулсан ч 2009 оны Өршөөлийн тухай хуульд зааснаар түүнд ногдуулсан үндсэн болон нэмэлт ялыг  бүхэлд нь өршөөлд хамруулсан юм.

Мөн Иргэний хуульд зааснаар Н.Энхбаяраас 54 сая төгрөгийг гаргуулан Гандантэгчинлэн хийдэд олгох, Н.Энхбаяр, Ж.Мягмаржаргал нараас тус бүр 982 сая төгрөг гаргуулж, “Эрдэнэт” үйлдвэрт олгох ялыг хэвээр үлдээсэн. Түүнчлэн ТВ9 телевизийн хууль бусаар олж авсан гэх техник хэрэгслийг хурааж, улсын орлого болгох шийдвэр гаргасан юм.

Харин давж заалдах шатны шүүх буюу Нийслэлийн шүүхэд Н.Энхбаяр нарын гомдлыг өнгөрсөн аравдугаар сарын 25-нд хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Ингэхдээ Нийслэлийн шүүхийн шүүгчид ТВ9 телевизийн хууль бусаар олсон орлогыг улсын хөрөнгө болгоно гэж ерөнхийлөн заасныг 119 сая 534 мянга 302 төгрөгийг хураасугай гэж өөрчилсөн байна. Мөн “Өргөө” зочид буудлын асуудлаар анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, ял төлөвлөсөн боловч уг хуультай холбоотой НИТХ-ын  тогтоол болон нийслэлийн Засаг даргын захирамжийг  хүчингүй болгоогүй нь буруу байна гэж үзэж, 2007 оны аравдугаар сарын 17-ны 188 тогтоол, нийслэлийн Засаг даргын 2007 оны  арваннэгдүгээр сарын 7-ны  555 тоот захирамжийг  тус бүр хүчингүй болгохыг нэмж оруулсан юм.

Дашрамд, МАХН-ын дарга Н.Энхбаяр өдгөө Улсын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд түүний өмгөөлөгчөөр С.Нарангэрэл, Б.Оюунбилэг нар ажиллаж байгаа юм.

Д.ЖАРГАЛСҮРЭН

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш