Орон нутгийн сонгууль гээч УИХ-ын сонгуулиас ч сүр дуулиантай, хэрүүл заргатай хэрнээ ирц нь хүрдэггүй, дүн нь гардаггүй ярвигтай болж өнгөрөв. Нийслэлийн ихэнх дүүргүүдэд ирц нь хүрээгүйн улмаас улс төрийн намууд ялсан гээд баярлах, ялагдсан гээд гутрах бололцоогүй болчихоод байна. Харин Дундговь аймгийн хувьд намаараа АН нь ялчихаад, нэр дэвшигчээрээ МАН-тай өгөө аваа, хэрүүл тэмцэлтэйхэн байгаа учир хурал зарлах энэ тэр нь сураггүй асуудлын нэг байна. Сонгуулийн сурталчилгааны үеэр аль аль намынх нь нэр дэвшигчид илтэд хууль зөрчсөн, шашны зан үйл, билэгдэл ашиглан сонгогчийн саналыг татсан нь илэрч, хэрэг мандаасан эрхмүүдийн нэрсийг цагдаагаар шалгаж, шүүхээр тогтоогоод Сонгуулийнх нь хороогоор хэлэлцэж, нэрийг нь татчихаад байгаа юм. Үүнээс улбаатайгаар сонгуулийн ялалт, ялагдлын эздийн байр нь солигдох болчихоод байгаа учир ялсан гэж цээжээ дэлдэгчид МН-ынхан нь “Намайг сонгогчид дэмжсэн” хэмээн зарга үүсгэж байгаа бололтой юм. Ард түмнийг басч, санаа бодлыг нь шүтээн, тахилаар нь татан авахыг хичээсэн увайгүй үйлдлээ гардуулчихаад “Ард түмний сонголтыг луйвардлаа” гээд сонгино царайлаад байгаа нь арай л хэтэрсэн хэрэг мэт. Ямар ч байсан 22 жил хууль цаазыг хүслээрээ хямгадаж, харцаараа айлган, шийдвэр гаргуулж сурсан гэгддэг Дундговийн МАН-ынхан энэ удаад далаараа цэвэр тавиулж, хуулийн өмнө бүх хүн тэгш эрхтэй гэдгийг мэдрэв бололтой. Сонгуулийн хороо ч хараат бус, хуулийн дор ажилладаг, бие даан шийдвэр гаргах чадамжтай байгууллага гэдгээ АН-д, МАН-д ч нотлож өгөв. Харин хуулийн дагуу ажилласан төрийн байгууллагыг хавчиж, элдэв бичиг цаас шидэж, эрүү ял тулгах арга зам хайж байгаа Ах намынхан жаахан юм бодохгүй бол адаг сүүлд нь “диванддаг томчуул” шигээ “сандалддаг багачуул” болох вий. Орон нутагт ордонд байдаг шиг олон диван, буйдан байдаггүй болохоор хамгийн найдвартай нь сандал юм гэнэлээ.
Ш.Булга
Ш.Булга