logo
“Роснефть” манай улсад сар бүр 40,000 тонн дизелийн түлш, 10,000 тонн өндөр октантай автобензин нийлүүлж байх үүрэг хүлээжээ

“Роснефть” манай улсад сар бүр 40,000 тонн дизелийн түлш, 10,000 тонн өндөр октантай автобензин нийлүүлж байх үүрэг хүлээжээ

2011/07/19
Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний дийлэнх хувийг хангадаг ОХУ-ын дотоодын нөхцөл байдлаас шалтгаалан  энэ оны тавдугаар сарын сүүлээс эхлэн дизелийн түлш, зургадугаар сарын сүүлээс эхлэн өндөр октантай автобензиний хангамж, нийлүүлэлтэнд саатал үүсч манай импортлогч компаниуд дээрх төрлийн шатахуунд тодорхой хэмжээний хязгаарлалт хийгээд байсан билээ.

Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Газрын тосны газарын зүгээс газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн үйл ажиллагааг тогтвортой байлгах, эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авсны дүнд улсын баяр наадмаар түлшний хангамжтай холбоотой асуудал гараагүй талаар мэдээллээ. Энэ сарын 8-ны өдрөөс эхлэн АИ-92 автобензиний хязгаарлалтыг зогсоож, шатахуун түгээх станцуудаар дамжуулан хэрэглэгчдэд бэлэн мөнгө, карт, талоноор чөлөөтэй худалдаалж байна.

Энэ хугацаанд ОХУ-ын “Роснефть”, “ТНК-ВР” компани болон БНХАУ-ын “Чайна Ойл” компаниас дизелийн түлш импортоор авах нэмэлт гэрээ байгуулж, одоо хэрэгчлэгчдэд борлуулж байгаа аж.  

Мөн саяхан Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан тэргүүтэй төр, хувийн хэвшлийн Ажлын хэсэг ОХУ-д ажилласны үр дүнд ОХУ-ын “Роснефть” компаниас сар бүр 40,000 тонн дизелийн түлш, 10,000 тонн өндөр октантай автобензин импортоор тогтмол авч байх урт хугацааны гэрээ байгуулсан бөгөөд уг хэмжээний шатахууныг “Роснефть” компани баталгаатай нийлүүлж байх үүргийг хүлээжээ.  

Түүнчлэн дээрх гэрээг байгуулсан даруйд “Роснефть” компанийн Ангарскийн үйлдвэрээс 5000 тонн АИ-92 маркийн автобензин наадмаас өмнө ачигдан ирж борлуулагдсан байна.  Мөн БНХАУ, БНСУ-аас автобензин, дизелийн түлш авах яриа хэлцэл хийж, дээрх орны зарим компанитай шатахуун нийлүүлэх гэрээ хэлцэл байгуулах ажил явагдаж байгаа гэнэ.

“Роснефть” компанитай хийсэн гэрээ амжилттай болсон нь манай улс тус орныг Тавантолгой төслийн нэг хамтрагчаар сонгосонд болов уу эсвэл ОХУ-д шатахууны хомсдол арилсантай холбоотой юу гэдэг одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч дээрх гэрээний асуудлыг хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэмжээнд шийджээ. Мөн “Роснефть” компаниас манай улсад ирүүлсэн захидлын талаарх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл одоогоор хэлэлцээгүй байгаа учир шийдвэр аль талд гарах нь тодорхойгүй байгаа юм.

Ч.Туяа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш