logo
Санаачилгатай, байнгын бэлэн байдалд ажиллахыг Улсын онцгой комиссийн гишүүдэд үүрэг болголоо

Санаачилгатай, байнгын бэлэн байдалд ажиллахыг Улсын онцгой комиссийн гишүүдэд үүрэг болголоо

2012/11/30

Архангайн Хотонт, Төвшрүүлэх, Завханы Идэр, Сонгино, Өвөрхангайн Бүрд, Есөнзүйл, Уянга, Хархорин, Хужирт, Увсын Баруунтуруун, Наранбулаг, Малчин, Хяргас, Сэлэнгийн Ерөө, Төв аймгийн Дэлгэрхаан, Ховдын Чандмань зэрэг 7 аймгийн 16 суманд өвөлжилт хүндрээд байна. Эдгээр нутгийн зарим газраар цасны зузаан 20-50 см, хунгарласан газраа 60-130 см-т хүрчээ. Ийм мэдээллийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 28-нд орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийх үеэрээ авчээ. Өнөөдөр тэрбээр Улсын онцгой комиссийн гишүүдтэй уулзаж, эдгээр аймагт ямар тусламж үзүүлж байгаа болон цагийн байдал хүндрэхэд хэрхэн ажиллах төлөвлөгөөтэйг тодруулж, зарим үүрэг даалгавар өглөө. 

Аймаг, хөдөө орон нутгаас тусламж хүссэн санал, хүсэлт ирээгүй гээд налайж суусаар цагийг нь тулгадаг зуршил Улсын онцгой комисст бий. Ингэж хүлээлгүй, байнгын бэлэн байдалд байж, санаачилгатай ажиллахыг зөвлөөд аймгуудын цэргийн ангийн машинуудыг даваа, зам харгуйн цас арилгахад дайчлахыг  үүрэг болголоо.

Мөн Улсын онцгой комиссийг яаралтай хуралдуулж, өвөлжилт хүндэрсэн болон хүндэрч болзошгүй аймгуудад хүрч ажиллах төлөвлөгөө гарган өнөөдрийн дотор багтаан танилцуулж маргаашаас ажлаа эхлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан мэдээнээс харахад 2012 оны 12 дугаар сар,  2013 оны эхний сард цас олон жилийн дунджаас ахиу хэмжээтэй орж, агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Одоо цас ихтэй байгаа нутгаар цасны зузаан улам нэмэгдэж иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ, малчдын амьдрал ахуй хүндэрч магадгүй байна. Иймд ниргэсэн хойно нь хашхирах биш, урьдчилж бэлтгэл хангадаг зарчмаар Улсын онцгой комисс ажиллах учиртай гэдгийг  Ерөнхий сайд комиссийн гишүүдэд анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш