logo
Хотын даргын ирэх онд хийх ажлыг НИТХ-аар баталлаа

Хотын даргын ирэх онд хийх ажлыг НИТХ-аар баталлаа

2012/11/30
Нийслэлийн ИТХ-ын ээлжит VI хуралдаан 73 хувийн ирцтэйгээр эхэлж НИТХ-ын дарга Д.Баттулга удирдан явууллаа. Хуралдаанаар Нийслэлийн 2013 оны нийгэм эдийн засгийн зорилт, Нийслэлийн өмчөөс хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт, ирэх онд хийгдэх газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Концессын зүйлийн жагсаалт болон ирэх оны нийслэлийн төсөв зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа.

Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаа нэг бүрчлэн танилцуулсны дараа төлөөлөгчид асуулт асууж, санал хэлсэн юм. Нийслэлээс анх удаа ирэх оны төсвийн төслийг иргэдэд нээлттэй мэдээллэн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, иргэдийн санаа бодлыг тусгасан билээ.

Хуралдааны эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 2013 оны нийгэм эдийн засгийн зорилтыг танилцуулсан. Энэхүү зорилт нь таван бүлэг 123 заалттай. Улаанбаатар хотыг хөгжүүлэх 5А хөтөлбөрийн хүрээнд боловсруулжээ. Агаар цэвэр Улаанбаатар бүлэгт нийт 24 заалт, амины сууцтай Улаанбаатар бүлэгт нийт 19 заалт, Ажилтай, орлоготой Улаанбаатар бүлэгт нийт 31 заалт, Аюулгүй, амгалан Улаанбаатар бүлэгт нийт 34 заалт, Авлигагүй Улаанбаатар бүлэгт нийт 15 заалт бүхий 398 ажлыг 2013 онд хэрэгжүүлэхээр зорилтын төсөлд тусгасан байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Нийслэлийн өмчөөс 2013 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтыг танилцуулсан юм. Жагсаалтанд, нэг аж ахуйн нэгж, зургаан барилга байгууламжийг оруулжээ. Үүний дараа нийслэлийн Засаг даргын Барилга, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, ирэх оны нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг танилцууллаа.

2013 онд газрын харилцааны чиглэлээр нийслэл хотод хэрэгжүүлэх нийт 409 ажлыг найман бүлэгт хамруулан төлөвлөгөөний төсөлд тусгасан бөгөөд " Засгийн газрын мөрийн хөтөлбөр"-т тусгагдсан "Газрын харилцааны шинэчлэл"-ийн бодлого, "5А" зорилтод суурилсан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор хэд хэдэн ажлыг хийхээр төлөвлөсөн гэж байлаа.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг нэг бүрчлэн танилцуулсны дараа хуралдааны дэгийн дагуу НИТХ-ын нэгдсэн хуралдаан түр завсарласан юм. Үүний дараа хуралдаанаар хэлэлцүүлж буй асуудлаар төлөөлөгчид асуулт асууж, саналаа хэллээ.

Хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтаас Баянзүрх дүүргийн 87 дугаар сургуулийн заалыг яаран хувьчлахгүй байхыг хороодууд хурлаар хэлэлцсэн байна. Тиймээс ихэнх төлөөлөгчид хасах саналтай байгаагаа хэлсэн юм. Түүнчлэн Улаанбаатар радио болон гүний худгийг жагсаалтаас хасах саналтай байгааг НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан хэллээ. Ихэнхдээ хийж хэрэгжүүлэх ажлуудаас сургууль, цэцэрлэгийн асуудал, бага сургуулийг олноор барихыг анхааралдаа авахыг нийслэлийн Засаг даргаас хүсч байв. Мөн алслагдсан дүүргүүд, гэр хорооллуудад автобус явуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгай автобус явуулах, микро автобус явуулахаас илүү дунд оврын автобус нэмэгдүүлэх зэрэг нийтийн тээвэртэй холбоотой олон асуулт асууж, санал хэлсэн юм.

Улаанбаатар хотод 1200 автобус шаардлагатай гэсэн тооцоо судалгаа байдаг. Харин одоогоор 70 гаруй чиглэлд 862 автобус үйлчилгээнд явж байгаа юм байна. Тиймээс нийслэлийн 2013 оны төсөвт 25 тэрбум төгрөгөөр 100 автобус худалдан авах шаардлагатай гэж тусгажээ. Үүнийг зарим төлөөлөгчид хэтэрхий өндөр үнэтэй байгааг шүүмжлэв.

Солонгос автобусны нэг бүрийн үнэ нь 132 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шат, лифтийг үнэгүй суурилуулдаг гэдгийг төлөөлөгч Б.Болдбаатар хэллээ. Тэрээр " зөрүү бараг 12 сая төгрөг үлдэж байна. 100 ортой хүүхдийн цэцэрлэг барихад 500 сая төгрөгөөр барьдаг. Тиймээс энэ мөнгөөр 24 цэцэрлэг барих боломжтой байна. Тэгээд ч солонгос сэлбэг хэрэгсэл элбэг байдгаас гадна, үнэ хямд" гэв.

Харин нийтийн тээврийнхэн Япон улсаас авч байгаа болохоор өртөг өндөр байгааг хэлсэн юм. Нийслэлийн Засаг дарга ирэх онд нийтийн тээврийн салбарт ихээхэн анхаарал хандуулна гэсэн. Тэгвэл байгаль орчинд ээлтэй, агаарын бохирдол үүсгэхгүй, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн арван дуобусыг Цахилгаан тээвэр компаниас худалдаж авах юм байна. Мөн нийслэлийг хаягжуулах, ногоон байгууламжийг паспортжуулах, хот орчмын чиглэлд дунд оврын автобус нэмэх, үерийн даланг засч хамгаалах зэрэг олон ажлыг хийх хэрэгтэйг төлөөлөгчид хэлж байлаа.

НИТХ-ын ээлжит хуралдаан өдөржин үргэлжилсний эцэст хэлэлцсэн асуудлуудаа бүгдийг нь баталсан юм. Харин хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтаас Баянзүрх дүүргийн IX хорооны 87 дугаар сургуулийн спорт заал, Сонгинохайрхан дүүргийн ХХI хорооны Аж ахуйн хашаа, склад Хан-Уул дүүргийн XIV хорооны гүний худгийг хасч баталжээ.

Ж.Ганцэцэг
Эх сурвалж: Нийслэл таймс
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш