Орон нутгийн сонгуулийн компанит ажил хот хөдөөгүй нэлээд ширүүхэн болж өнгөрлөө. Олхонууд Шаабар буюу Ша.Батбаяртай Булган аймагт хэрхэн ажилласан, тэнд ямархуу бэрхшээл, зөрчил гарсан талаар ярилцсан юм.
-Булганд ямар ноцтой зүйл гарав?
-Булганы Рашаант суманд социализмын үед “Сансар” тэжээлийн аж ахуй гэж байлаа. Энэ аж ахуй нь 18 мянган га газарт тэжээлийн ургамал болон бусад төрлийн таримал ургуулдаг, төмс хүнсний ногоогоо ч тариалах нөөцтэй байсан юм. Гэтэл энэхүү 18 мянган га газрыг тэр чигт нь, мөн Хөгнө, Тарнийн тусгай хамгаалалттай газраас ч гадаадын иргэдэд зарсан байна. Ингээд тус сум ердөө л хоёр, гурван га газартай үлджээ. Сумын төв одоо га гаруйхан газарт нь л байгаа юм.
-Ийм их хэмжээний газрыг хэн зарсан юм бэ?
-Сумын Засаг дарга Н.Төмөрдорж гэдэг хүн Солонгос улсын нэг иргэнд 40 жилийн хугацаатайгаар “Олгосугай” гэж захирамж гаргаад зарчихжээ. Тэгэхээр Рашаант сумын тэр 18 мянган га газар нь тус сумын өмч биш, Солонгос хүний мэдэлд шилжээд байна гэсэн үг. Буцааж авбал 40 жилийн дараа авна. Энэ бол ёстой хөгийн, хамгийн ноцтой асуудал юм.
-Тэр газар дээр одоо ямар үйл ажиллагаа явуулж байна?
-Юу ч хийгдээгүй байна. Багахан хэмжээний газарт нэг жил төмс тарьсан болоод хаясан гэж нутгийнхан нь ярьж байсан. Газрын тухай хуулиар чинь тухайн иргэн эзэмшихээр авсан газар дээрээ хоёр жил юм хийгээгүй бол буцаагаад төр засагтаа өгөх ёстой. Гэтэл таван жил гаруй нөгөө Солонгос хүн нь юм хийсэнгүй. Бид харин сонгуулийн сурталчилгааныхаа үеэр эдгээр газруудыг бүгдийг хурааж авах санал дэвшүүлж, үүнийг дэмжиж байгаа иргэд гарынхаа үсгийг өгнө үү гээд айлуудаар бичгээ тараасан. Ингээд энэ бичиг дотроо “…Б.Бат-Эрдэнэ гэдэг хүн сумын Засаг даргаар ажиллаж байхдаа…” гэсэн үг оруулсан байлаа. Тэгтэл Б.Бат-Эрдэнэ “Эд нар намайг гүтгэж байна” гээд орон нутгийнхаа цагдаад хандсан. Ер нь энэ хүний газрын луйвар, булхай үүгээр дуусахгүй. Гэхдээ Н.Төмөрдорж нь газар зарах уг захирамжаа анх гаргаж, гарынхаа үсгийг зурсан болохоор тэр ийнхүү “Надад хамаагүй” гэж бухах санаатай цагдаад гомдол гаргасан байжээ. Тэгвэл Н.Төмөрдорж нь 2008 оны 11 дүгээр сарын 26-нд сумын Засаг даргаар томилогдсон байна. Тэгээд сар гаруйхны дараа буюу 2009 оны нэгдүгээр сарын эхээр 01 тоот захирамжаа гаргаж, Хөгнө, Тарнийн орчмын 18 га газрыг Солонгос улсын иргэд олгожээ. Сар гаруйхны дотор Солонгост очиж тендер зарлахгүй нь мэдээж шүү дээ. Тиймээс Н.Төмөрдорж урьд нь бэлэн болчихсон байсан газрын арилжааны үндсэн дээр захирамжаа гаргасан байж таарна. Магадгүй, Ардын намын удирдлагаас Н.Төмөрдорж руу яриад “Нэгэнт захирамж гаргаснаараа чи хариуц, Б.Бат-Эрдэнэ наадахад чинь оролцоогүй болж үлдэг. Харин Б.Бат-Эрдэнэ сонгуульд ялаад Рашаант сумын засаг дарга болвол асуудлыг эвтэйхэн шийдэж болно” гэж тулгасан байж болох юм.
-18 мянган га газар чинь сумын Засаг даргын мэдэж шийдэх зүйл биш биз дээ. Аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлууд юу хийж байсан юм бол. Огт мэдээгүй байв уу?
-Огт мэдэхгүй байна гэж юу байхав. Мэдэж л байсан биз. Гэхдээ аль нь ч хяналтаа тавиагүй. Б.Бат-Эрдэнэ Н.Төмөрдорж нар бол хууль бус үйлдэл хийснээ маш сайн мэдэж байгаа. Хөгнө, Тарнийн амралт, аялал жуулчлалын газруудад ч хууль бусаар Солонгос хүмүүст газар олгожээ. Тэр байтугай тухайн газруудынхаа түрээсийн төлбөрийг энэ хүмүүс шууд өөрсдөө авсан, банкнаас өөр хүнээр мөнгийг авч завшсан зэрэг хэрэг, зөрчлүүд илэрсэн. Иймэрхүү үйлдлүүдийг нь шалгуулахаар сумын Ардчилсан намын гишүүд Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулж байсан байгаа юм. Авлигатай тэмцэх газраас Жаранжил гэдэг хүн очиж шалгаж, нотлох баримтуудыг нь цуглуулаад байж байтал хотоос УИХ-ын гишүүн асан Мөнх-Очир гэл үү дээ, нэг нөхөр очоод түүнийг машиндаа суулгаж аваад яваад өгсөн байв. Ингээд энэ хэрэг хэсэг чимээгүй болохоор нь иргэдээс дахиад Авлигатай тэмцэх газар руу бичиг илгээжээ. Тэр үед даргаар нь Сангарагчаа ажиллаж байлаа. Гэвч хэргийг дахиад нам дарагдуулжээ. Ер нь тухайн үед хууль хяналтын байгууллагуудад Ардын намынхан ноёлж байсан шүү дээ. Тиймээс ийм хууль бус үйлдлүүд дарагдаж өнгөрч байсны нэг жишээ энэ юм. Харин энэ удаагийн сонгуулийн үеэр иргэд маань дахин асуудлыг босгож, яахаараа газрын наймаачин, булхай луйвар хийдэг этгээдийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэрийг нь дэвшүүлсэн юм бэ, хэргийг нь шударгаар шалгаж шийдэх ёстой гэсэн шаардлага тавьж, Авлигатай тэмцэх газарт хандсан.
-Хөгнө хаан уулын орчим аялал жуулчлал бааз олон уу?
-Бараг 100 орчим байдаг болов уу. Яг үйл ажиллагаа явуулж байгаа нь гучаад байх шиг байна. Хамгийн ашигтай гэсэн газрыг нь нэг хүн авсан байдаг юм. Энэ нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Шийлэгдамбын аав Ганхуяг гэдэг хүн. Тэнд ийм луйвар явагдаад байхад Монголын төр засаг чимээгүй сууж байж болохгүй ээ.
Үүнийг зүгээр орхихгүй, зохих газарт нь гомдлоо тавина
-Байгаль орчин, ногоон хөгжлийн яамд тухай таницлуулав уу, юу гэцгээж байна?
-Энэ яам ногоон хөгжлийн төлөө бодлого, үйл ажиллагаагаа зангидаж байгаа. Нөгөө мод, бут, ургамал тариалах 18 мянган га газар нь бусдын эзэмшилд орчихоод байхад дуугүй байх ёсгүй. Гэвч тус яамныхан “Тэр бидэнд хамаагүй. Бид зөвхөн төрийн тусгай хамгаалалттай газраа хариуцна. Яахав, үнэхээр төрийн тусгай хамгаалалттай газраас бага зэрэг орчихсон байвал ярьж болох юм” гэж байна. Ийм сонин систем үйлчилж байх юм. Тэдний үзэж байгаагаар бол төрийн тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын чиглэлээр газар эзэмшүүлж болно, гагцхүү тэр нь хуульд нийцсэн байх ёстой, ийм газарт тариалан болон өөр үйл ажиллагаа явуулж болохгүй юм гэнэ. Тэгэхээр, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам зөвхөн төрийн тусгай хамгаалалттай газраар ажлаа хязгаарлаад, өөрсөддөө тийм горьтог татаад сууж байх хэрэггүй л байхгүй юу.
-Авлигатай тэмцэх газарын мөрдөн шалгагч Жаранжилтэй нь та уулзав уу?
-Авлиагтай тэмцэх газар дээр очлоо. Жаранжил гэдэг хүн нь халагдаад явчихсан байна. Тэгэхээр нь бид архиваас чинь урьд нь өгч шалгуулж байсан материалаа авч үзье гэсэн. Энэ хэрэг бол авлигын хэрэг. Тийм том газраа өгсөн дарга өөрөө дараа нь Солонгост айлчилсан шүү дээ. Үүнийг авлига гэж үзэхээс өөр аргагүй. Тэр газар дээр нь үйл ажиллагаа явуулалгүй хоёр жил болсон бол Засаг дарга нэг өдрийн дотор л дахиад захирамж гаргаад хүчингүй болгож болох байсан. Гэвч тэгээгүй, тэгж чадахгүй одоо болтол явж ирсэн болохоор авлига, албан тушаалын хэрэг мөн байгаа биз дээ. Бас Н.Төмөрдорж нь сумынхаа иргэдийн хурлаар уг газрынхаа асуудлыг хэлэлцүүлсэн гэх хуурамч бичиг хийсэн байна. Гэтэл аймгийн газрын албаны дарга Цэрэндорж гэдэг хүн очиж шалгаад хууль бусаар олгосон газар байна гэсэн бичиг үйлджээ. Тэгээд үүнийхээ дагуу найман сарын дараа Н.Төмөрдоржид “Захирамжаа хуулийн дагуу болгооч” гэсэн шаардлага тавьсан байв. Сумын иргэдийн хурал нь болохоор хуралдсан болоод өнгөрчээ. Хуралд суусан хүмүүс нарийн учрыг ойлгоогүй юм шиг байна. Хуралд нь оролцсон Ардчилсан намын зарим хүмүүс ч 18 мянган га газрын тухай ойлголт муутай байлаа. Суманд жил бүр 6 сая төгрөгийн татвар оруулж байх аж ахуй нээгдэнэ, татвар нь хэрэгтэй гэсэншүү юм яригдаад, олонхиороо баталсан бололтой юм. Ер нь хурлын тэргүүлэгчдээрээ, цөөн хэдэн хүн л асуудлыг шийджээ. Ийм том газрыг сум өөрөө дур мэдээд шийдэх боломжгүй. Хэрвээ нэгэнт шийдсэн бол аймгаас зөвшөөрөл авч, аймаг нь тендер зарлах ёстой. Гэвч ийм үйлдлүүд хийгдээгүй. Ерөөсөө, Рашаант сумынхаа нийт иргэдэд тэр газрыг хуваарилж олгоод тариа ногоо яагаад тарьж болохгүй байхав. Тэгж иргэддээ өгсөн бол иргэд нь хоорондоо хоршоод, эсвэл гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татаад зөндөө их юм хийх боломжтой байлаа. Гэтэл сумынх нь удирдлага өнөөдөр энэ 18 мянган га талбай руу малчдынхаа малыг оруулахгүй хөөж, оруулсан бол торгууль тавиад сууж байна. Ийм зориулалтын харуул хамгаалалттай болжээ. Б.Бат-Эрдэнэ 2008 оны сонгуулиар 18 мянган га газар дээрээ гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй байгуулж, иргэдээ ажилтай болгоно гээд хүн бүрийг шахуу бүртгэж, трактор, комбайн хүртэл бариулахаа амлаж байсан боловч харамсалтай нь огт хэрэгжүүлсэнгүй. Харин одоо болохоор надад огт хамаагүй, би мэдэхгүй гэж байна.
-Захиргааны хэргийн шүүхэд яагаад хандах болсон юм бэ?
-Ардчилсан намаас Булган аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшсэн Д.Мөнхсайханыг Б.Бат-Эрдэнэ нь “Аргалын арын газрыг олгосон гэж намайг гүтгэлээ” гэжээ. Үүнийг нь аймгийн сонгуулийн хороо нь сумын цагдаа руугаа өгөөд “Тодруул” гэсэн байсан. Тэгтэл сумын цагдаагийн дарга нь Б.Бат-Эрдэнээс өөрөөс нь ярилцлага маягийн юм авч, түүгээрээ “Би оролцоогүй, надад хамаагүй газар юм шүү” гэж хэлүүлээд, Н.Төмөрдоржоос нь асуухад, “Би эрхийнхээ дагуу захирамжийг нь гаргасан юм” гэжээ. Бас надаас мэдүүлэг авч, “Энэ бол хууль бус зүйл” гэж хэлүүлсэн. Дараа нь сумын газрын албаны хүнээс асууж, тэр нь “Би тэр үед байгаагүй, жирэмсний амралттай байсан” гэж хэлээд, ингээд л гүйцээ. Тэгээд “За энэ нөхөд чинь Б.Бат-Эрдэнийг гүтгэсэн юм шиг байна” гээд аймаг руу явуулсан байлаа. Аймгийн сонгуулийн хороо нь болохоор Д.Мөнхсайханыг сонгуулийн жагсаалтаас хассан байгаа юм. Хассан шийдвэрээ харин хоёр хоног хав дарж байгаад энэ сарын 18-ны орой сум руугаа илгээсэн. Ингээд хөөн хэлэлцэх, дахиж асуудлыг авч үзэх цаг хугацаагүй болгосон. Харин нэрсийн жагсаалтад Д.Мөнхсайхан нь байж л байлаа. Хуулиндаа нэгэнт нэрсийн жагсаалт гарч тараагдсаны дараа маргаан гарвал тухайн хүнийг сонгуулийн нэрсийн жагсаалтаас хасахгүй гэж заасан тул хэвээрээ үлдсэн хэрэг л дээ. Гэхдээ сонгуулийн санал хураах өдөр санал тоолох машинд нь команд өгч, тэр хүнийг тоолохгүй, эсвэл тоолсон нь хүчингүй гээд явчихдаг юм. Тэгэхээр яг ийм нөхцөлд Б.Бат-Эрдэнэ нь санал хураах өдөр хүртэл гол өрсөлдөгчгүй, ганцаараа сурталчилгаа хийх болж байгаа биз. Өөрөөр хэлбэл, Д.Мөнхсайханыг хууль бусаар жагсаалтаас авч хаяад өөрөө ялаад гараад ирэх нь л дээ. Тиймээс бид сонгуулийн хорооны буруу шийдвэрийг яаралтайгаар Захиргааны хэргийн шүүхэд өгч шийдвэрлүүлэх хэрэгтэй болсон. Гэвч аймгийн Захиргааны хэргийн шүүх нь хуралдахгүй бас саатуулсаар байгаад санал хураахын өмнөх өдөр буюу энэ сарын 20-ны 14 цагт хурлаа зарласан. Гэтэл тэр өдөр шүүгч нь над руу 13 цаг гучин минутын орчимд утасдаад “Та ирж мэдүүлэг өгөхгүй бол болохгүй нь ээ” гэж байгаа юм даа. Би тухайн үед болсон үйл явдлуудыг бүгдийг бичээд өгчихсөн атал ингэж ярьсан нь тун сонин, намайг Булганаас хотод хүрээд ирчихсэн хойно ингэж дуудсан шүү дээ. Шүүхийнхэн ийм л хүнд сурталтай улс.
-Шүүгч нар Ардын намд үйчиллээ гэх гээд байна уу?
-Тэгэлгүй яахав. Булганд болж өнгөрсөн тэр бүх үйл явдлуудаас харахад ер нь шүүх, цагдаа, прокурорууд бүгдээрээ Ардын намд үйлчилж байгаа нь тодорхой байна лээ.
-Д.Мөнхсайхан чинь урьд нь ямар алба хашиж явсан хүн юм бэ?
-Аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхсайхан Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүнээр олон жил ажилласан, Ардчиллын анхны партизануудын нэг юм. УИХ-д бас нэр дэвшиж байсан хүн. Сонгуулийн ажил албан ёсоор зарлагдсан эхний арав хоногт тэр ялах нь тов тодорхой болоод байлаа. Хөндлөнгийн судалгаагаар 60 гаруй хувьтай байсан.
-Захиргааны хэргийн шүүх асуудлыг яаж шийдэв?
-Захиргааны хэргийн шүүх энэ сарын 20-ны орой ажлын цаг дуусахын өмнөхөн буюу 16 цаг өнгөрч байхад шийдвэрээ гаргасан. Ингэхдээ аймгийн сонгуулийн хорооны хууль бус шийдвэрийг хүчингүй гэсэн тогтоол гаргасан байв. Гэвч цаашдаа бид үүнийг зүгээр орхихгүй. Д.Мөнхсайханыг бусдын нэр хүндэд халдаж, гүтгэсэн гээд бүтэн хоёр өдрийн турш нэрсийн жагсаалтаас нэрийг нь татсан явдал маш муу нөлөөтэй зүйл боллоо. Тиймээс гомдлоо холбогдох газруудад нь тавьж таарна.
Ярилцсан Б.Отгонбаяр
Эх сурвалж: http://manaiklub.com