logo
“11 11” төв-д 13200 гаруй хүн ханджээ

“11 11” төв-д 13200 гаруй хүн ханджээ

2012/11/30
Шинэчлэлийн Засгийн газар олон нийтийн санал бодол, тулгарч байгаа асуудлуудыг сонсох зорилгоор “11 11 төв”-ийг нээн ажиллуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ төвийн үйл ажиллагааны явц, иргэдийн тавьсан асуудал шийдвэрлэлтийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас танилцуулга хийлээ. Засгийн газрын чих гэгдэх “11 11 төв”-ийг тус алба хариуцан ажиллаж байгаа.
“11 11 төв” өнгөрөгч аравдугаар сарын 12-нд нээгдсэнээс хойш 13200 гаруй удаагийн хандалт хүлээн авсан байна. Үүний 90 шахам хувь нь буюу тоон дүнгээр 10022 нь санал болон хүсэлт байлаа. Иргэдээс мөн 1615 гомдол, 245 талархал, 839 шүүмжлэл ирүүлжээ. Эдгээрийг хүлээн авсан сувгийг ангилж үзвэл дуудлагаар 8857, мессежээр 1334, вэбээр 745, твиттэр болон фэйсбүүкээр 702, биечлэн 667 хүн тус тус хандсан байна.
Эрүүл мэнд, боловсролдоо иргэд багагүй анхаарал хандуулдгийг тус төвд ирүүлсэн иргэдийн саналаас харж болохоор байна. Харин хүсэлт, шүүмжийн талаас илүү хувь нь нийслэл хот болон нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой байлаа. Санал хүсэлтээ ажил хэрэгчээр илэрхийлэх, тодорхой хариулт авах албан ёсны ийм төвийг Засгийн газраас нээн ажиллуулж байгааг сайшааж байгаагаа тус төвд хаягласан талархалдаа иргэд илэрхийлсэн байв.
Санал хүсэлтүүдийг Засгийн газрын яам, агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд хуваарилан, иргэдэд холбогдох хариуг хүргэдэг. Шийдвэрлэлтийн мэдээгээр Боловсрол, шинжлэх ухааны яам 693 санал хүсэлтийн 685-д, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам 467 санал, хүсэлтийн 445-д, Нийгмийн халамж үйлчилгээний газар 620 санал хүсэлтийн 501-д, Эрүүл мэндийн яам 526 санал, хүсэлтийн 402-т хариулт өгсөн байна.
Эдгээр тайлан мэдээ болон санал хүлээн авах программ хангамжийн нээлттэй, шуурхай ажиллагааг танилцуулсан өнөөдрийн уулзалтын үеэр ЗГХМОНХА-ны дарга Ц.Мөнхтөр “Засгийн газрын чих онгойж, нүд нээгдсэн гурван сар байлаа. Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд төртэйгээ харилцах иргэдийн харилцаа сайжирч, оролцоо нь идэвхижсэн. Илүү нээлттэй орчин бүрдүүлэх, ард иргэдээ байнга сонсдог тогтолцоонд шилжих, санал бодлыг нь бодлого шийдвэртээ тусгадаг байхаар Засгийн газраас олон шинэлэг алхам хийсний үр дүн гэж харж байна” хэмээсэн юм. “11 11 төв”-ийг нээснээс гадна Төрийн ордноо түмэн олондоо нээлттэй болгосноор Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө, Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж, Төрийн түүхийн музейдээ зочилдог боллоо. Өнгөрсөн гурван сарын хугацаанд Төрийн түүхийн музейд л гэхэд 90 гаруй мянган хүн зочилж, Монголын төрийн түүх, үндэсний соёл уламжлалыг илтгэсэн үнэт ховор үзмэрүүдийг сонирхжээ.
Иргэдээ сонсох, олон нийттэй харилцах асуудалд Ерөнхий сайд онцгойлон анхаарч, “11 11 төв”-өөр дамжуулан хандсан санал хүсэлтийн тоймтой танилцаж, шийдвэрлэлтийн явцыг ч хянан ажиллаж байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш