logo
Н.Энхбаяр намынхандаа Ц.Оюунбаатарыг бус Э.Батшугарыг УИХ-ын гишүүн болгох чиглэл өгчээ

Н.Энхбаяр намынхандаа Ц.Оюунбаатарыг бус Э.Батшугарыг УИХ-ын гишүүн болгох чиглэл өгчээ

2012/12/01

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Зоригт, Г.Батхүү, Д.Сарангэрэл, Д.Арвин, Ц.Оюунбаатар нарын тангаргыг өргүүлж, УИХ-ын гишүүнээр батлах ёстой байсан ч УИХ дахь МАН, МАХН-ын гишүүд оролцоогүй тул хуралдаан завсарласан билээ. Уг шийдвэрийг гаргах, мөн цаашид хэрхэн ажиллах талаар ярилцахаар өчигдөр Төрийн Ордонд  МАН, МАХН хамтран хуралдсан байна. 

Уг уулзалт-хуралдаанд МАН-ын дарга Ө.Энхтүвшин, МАХН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Г.Шийлэгдамба, Монгол банкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугар, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн дэд сайд Б.Тулга тэргүүтэй хүмүүс оролцсон бөгөөд Г.Батхүү, Д.Зоригт нарыг эсэргүүцэж буй МАН-ын, Ц.Оюунбаатарыг дэмжихгүй байгаа МАХН-ын ашиг сонирхол тэднийг нэгтгэж, ойрын үед чуулганы хуралдаанд оролцохгүй байх шийдэлд хүрчээ.

Гэсэн ч “Шударга ёс” эвслийн нөгөө субьект болох МҮАН-ынхан уг шийдвэрт төдий л таатай хандахгүй байгаа тул албан ёсоор завсарлага аваагүй аж.
МАХН-ын дарга Н.Энхбаяр  хүү Э.Батшугартаа  УИХ-ын 2012 оны намын жагсаалтаас хасагдсан нь хууль бус гэсэн дүгнэлт СЕХ-ноос гарч, улмаар УИХ-ын гишүүнээр сонгогдох эрх зүйн боломж байна гэж үзэж буй тул Ц.Оюунбаатарыг аргалаад байж бай гэсэн чиглэл, үүргийг МАХН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Г.Шийлэгдамбад өгсөн тухай эх сурвалжууд өгүүлж байна.

 


Үнэхээр ч Батлан Хамгаалах Яамнаас Э.Батшугарыг цэргийн албан хаасанд тооцсон тухай албан тодорхойлолтыг гарган, Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлээд буй бөгөөд ингэснээр түүнийг УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс жагсаалтаар нэр дэвшигчээс хассан үндэслэлийг хүчингүй болгох боломж нээгдээд буй билээ.

Юутай ч өнөөдөр эцсийн шатны  шүүх хурал нь болж буй экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр л МАН, МАХН-ын удирдлагуудтай тохиролцож, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг гацааж буй “гол эзэн” нь бололтой.

Э.Мягмардорж

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш