logo
Төлбөрөө төлөөгүй хаагдсан ч Монголынхоо 10 сувгийг үзнэ

Төлбөрөө төлөөгүй хаагдсан ч Монголынхоо 10 сувгийг үзнэ

2012/12/01
Өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас цаг үеийн холбоотой ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. Тус газарт шударга бус өрсөлдөөн хаана байна тэр бүгдэд иргэд гомдлоо ирүүлдэг. Үүний дагуу шударга, хууль ёсны хяналт шалгалтыг ШӨХТГ аж ахуйн нэгж байгууллагуудад тавьдаг. Тухайлбал, өнөөдөр шатахууны үнийн хөөрөгдөл, олон суваг цацдаг антень худалдаалдаг компанийн шударга бус үйлчилгээ, сүлжээ дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүний үнэ, томоохон захуудад ороход мөнгө төлдөг, шударга бус үнэ тогтоосон долларын худалдаа зэрэг шударга бус өрсөлдөөнд ямар арга хэмжээ авч хэзээ хэрэгжиж эхлэх талаар мэдээлэл хийлээ.
Нарантуул, Хархорин зэрэг захад нэвтрэхдээ мөнгө төлөхгүй
Ирэх сарын 1-нээс иргэд Нарантуул, Хархорин зэрэг томоохон захуудад мөнгө төлөлгүй нэвтрэхээр боллоо.Тодруулбал, иргэд Нарантуул, Хархорин зэрэг захуудад 50 төгрөг төлж ордог билээ. Харин үүнийг ШӨХТГ зохицуулан ямар ч хураамж мөнгө төлдөггүй байхаар зохицуулсан тул ирэх сарын 1-нээс ямар ч зах, дэлгүүрт мөнгө төлөхгүй байх боломж бүрджээ.
Төлбөрөө төлөөгүй хаагдсан ч Монголынхоо 10 сувгийг үзнэ
“D Dish” агаарын олон сувгийн антенаар Монголын өнцөг булан бүрээс телевиз үздэг болсоор багагүй хугацааг үдсэн билээ. Гэвч төлбөрөө төлөөгүй тохиолдолд олон суваг үзэх эрх хаагдаж МҮОНТ болон хятад сувгууд л үзэх болдог. Харин ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс хэдий төлбөрөө төлөөгүй хаагдсан Монголынхоо 10 сувгийг үздэг байхаар зохицуулж байгаа ажээ. Харин одоогоор ямар ямар телевиз үүнд багтах нь тодорхойгүй байгаа юм байна. Үүнийг ШӨХТГ Харилцаа холбооны зохицуулах газартай хамтран журмыг гарган, сонгон шалгаруулалт хийж тодорхой болох ажээ.
Үйлдвэрлэгч, импортлогчийн үнэ дээр сүлжээ дэлгүүрүүд үнэ нэмэхийг хязгаарлажээ
Номин, Миний дэлгүүр зэрэг сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогчдоос хувь авдаг. Гэсэн хэдий ч уг хувиасаа даван дураараа бараа бүтээгдэхүүний үнийг тогтоон худалдаа, үйлчилгээ эрхэлдэг. Иймд үүнийг хязгаарлан ирэх сарын 1-нээс бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогчдийн заасан үнээр худалдаалахаас гадна үйлдвэрлэгч, импортлогчоос ижил хэмжээний хувь авдаг байхыг шаардлага болгожээ. Тодруулбал, М-СИ-ЭС болон Витафит компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа адилхан л хувь авдаг байхаар зохицуулалт хийсэн байна. Мөн иргэдээс Номин хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүний бөөний үнэ хямд хэдий ч жижиглэнгийн үнэ нь бусад сүлжээ дэлгүүрүүдээс үнэтэй байгаад гомдол ирүүлсэн тул арга хэмжээ авна гэлээ.

Долларын ханш нэг үнэд тогтоно
Ирэх сарын нэгнээс хэдэн ч доллар худалдаж авсан  нэг л үнээр зарахаар зохицуулалт хийж эхэлжээ. Тухайлбал, арилжааны банкуудын ханш өөр өөр байдаг. Монголд 200 гаруй банк санхүүгийн байгууллага байдаг учир тэдгээрт зохицуулалт хийхэд бэрхшээлтэй байж болох ч ийнхүү ирэх сарын 1-нээс зохицуулахаар болжээ.

17 тэрбумын торгуулийг хүчин төгөлдөр болгоно
ШӨХТГ нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэй зөвлөлтэй. Гэтэл уг зөвлөл хурлаараа нефто бүтээгдэхүүн импортлогчдод тавьсан 17 тэрбум төгрөгийн торгуулийг тэглэхэд зургаан гишүүн санал өгсөн ажээ. Иймд ШӨХТГ-ын дарга О.Магнай эрхийн хүрээнд дээрх уг зургаан хүнийг АТГ-т өгөөд байгаа. Харин одоо шинэ зөвлөл батлагдах гэж байгаа бөгөөд уг торгуулийн актыг сэргээж хүчин төгөлдөр болгоно гэлээ.
Ө.Анхаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш