logo
Фүкүшимагийн ойр орчмын газар нутгаас үхрийн мах худалдаалахыг хоригложээ

Фүкүшимагийн ойр орчмын газар нутгаас үхрийн мах худалдаалахыг хоригложээ

2011/07/19
Японы засгийн газар Фүкүшимагийн бүс нутгаас малын мах зөөвөрлөж худалдаалахыг хориглосон байна. Цацраг идэвхт цезий илэрсэн 136 үхрийн мах борлуулагдаж, хүнсэнд хэрэглэгдсэн нь  тогтоогдсоны дараагаар сайд нарын танхим хорт туяаны идэвхжилттэй байгаа тус бүс нутгаас малын мах нийлүүлэхийг хориглох шийдвэр гаргажээ.

Тус улсын эрүүл мэндийн орлогч сайд Коэй Оцука хориг арга хэмжээ хөрш зэргэлдээ орших мужуудад ч мөн хамаарагдаж болзошгүйг онцолсон байна. Учир нь Япон улс даяар цацраг идэвхт бодисийн агууламжтай үхрийн мах борлуулагдаж цаашилбал жижиглэнгийн худалдаачид болон эцсийн хэрэглэгчдэд очсон байх магадлал өндөр байгаа аж.

Мөн томоохон хэмжээний Aeon супермаркетийн сүлжээ хэдэн зуун килограмм ийм үхрийн мах Токио болон бусад жижиг хотуудад борлуулсан тухайгаа мэдэгдсэн байна. Тус компани бүс нутаг үл хамааран зарагдсан үхрийн маханд цацраг идэвхт бодисын шинжилгээ хийхээ мэдэгдсэн байна.

Ийнхүү цацраг идэвхт бодис Фүкүшимагийн хязгаарыг давж бүх орон даяар дэлгэрсэн гэдэгтэй засгийн газар эвлэрч байгаа юм. “Бид хүнсний аюулгүй байдлыг хангах ёстой” хэмээн атомын станцийн ослын дараах асуудлыг хариуцсан сайд Госи Хосоно мэдэгджээ.

Үхрийн маханд агуулагдаж буй цацраг идэвхт бодис илэрсэнтэй холбоотойгоор шинжилгээ хийж шалгалт явуулахад цезийн өндөр түвшний агуулгатай малын идэш тэжээвэр үхрүүдэд өгсөн нь нотлогдсон байна.

Харин хөдөө аж ахуйн асуудлыг эрхэлсэн албан хаагчид цезийтэй хэдхэн зүсэм мах идэхэд эрүүл мэндэд хүчтэй аюул учруулахгүй гэж мэдэгджээ.

Хэдэн долоо хоногийн өмнө Фүкүшимагийн атомын цахилгаан станцын ойр орчмоос хүнсний ногоо зөөвөрлөхийг хориглосон байна.

А.Цацрал

Эх сурвалж: www.bbc.com
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш