logo
Монголчууд хэдхэн жилийн дараа элэгний өвчнөөр хиарах аюул нүүрлээд байна

Монголчууд хэдхэн жилийн дараа элэгний өвчнөөр хиарах аюул нүүрлээд байна

2012/12/01
Манай телевиз радиогоор “Жинхэнэ жимсний амт,  жинхэнэ жимсний шүүс” гэсэн реклам сурталчилгаа их явдаг билээ. “Ийм ч жимсийг шахаж цэвэр шүүсийг нь гаргаад тийм ч сайхан технологиор савлав″ гэж ирээд л сурталчлаад байдаг болохоор бүгд итгэн жимсний шүүс нэртэй улаан, ягаан өнгөтэй “ус”-нуудыг хөгшин залуугүй авч уудаг нь гэм биш зан.

Гэтэл үнэн хэрэгтээ бид худал рекламд хууртан хохирсоор иржээ. Монгол улсын стандартаар жимсний шүүсийг цэвэр, сэргээсэн гэж хоёр ангилдаг боловч жимсний шүүс үйлдвэрлэдэг компаниудад энэ стандарт огт хэрэгждэггүй байна. Тэд хэзээ ч жимснээс цэвэр шүүс шахан гаргаж савладаггүй бөгөөд харин ч сэргээсэн шүүс буюу сиропыг /нектар ч гэж хэлдэг/ урд хөршөөс шуудай шуудайгаар нь, тонн тонноор нь импортлон оруулж ирээд устай холин савлаж шинэ, жинхэнэ, цэвэр шүүс хэмээн зориуд худал шошго бичээд телевиз, радиогоор худал сурталчилгаа явуулан ард иргэдийг төөрөгдөлд оруулж хохироосоор байгаа аж.

Ер нь л жимсний шүүс үйлдвэрлэдэг ихэнх компаниуд ийм арга хэрэглэн Монгол улсын эрүүл мэндийн хуулийг ноцтойгоор зөрчиж байгаа аж. Нектар буюу сиропыг их хэмжээгээр хэрэглэвэл хүний гол лабортори эрхтэн болох элгэнд ачаалал өгч, будагч бодис нь элэгний эд эсийг гэмтээдэг болох нь нэгэнт тогтоогдсон юм.

Гэтэл манай компаниуд устай найруулсан сиропыг тонн тонноор савлан худлаа рекламаар хүмүүсийг бөмбөгдөн, элгийг нь гэмтээсээр байгаа нь тоогүй. Энэ бусармаг байдалд онцгой анхаарал хандуулж тодорхой арга хэмжээ авахгуй бол угаасаа дал наян хувь нь элэгний С, В вирусын аль нэгийг тээж яваа монголчууд 20-30 жилийн дараа элэгний өвчнөөр хиарч мэдэх аюулын харанга дэлдэж байна.

Хятадын ямар хотод, хэзээ үйлдвэрлэсэн нь үл мэдэгдэх, будаг ихтэй,  чанар муутай, хуурай нунтагийг устай холин найруулж ард түмнээ хуурсаар байгаа энэ олон компаниудын үйл ажиллагааг зогсоосон ч яадаг юм бэ.

Манай зарим нэг компани цэвэр монгол чацарганы шүүсийг савлаж худалддаг ч Хятадын чанар муутай сиропоор найруулсан “цэхэр” уснуудын тасралтгүй хөвөрдөг рекламуудад цохиулаад төдийлөн хүний анхааралд өртөж чадахгүй байгаа нь нууц биш. Тэднийхээ үйл ажиллагааг дэмжих зорилгоор найруулсан сиропны реклам явуулахгүй байх хууль журам гаргасан ч болно. 

ЭХ СУРВАЛЖ: ЭЛДЭВ ЯВДАЛ СОНИН

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш