Өвөрхангайн тойрогт бусдаасаа тасархай илүү саналаар ялалт байгуулсан С.Чинзориг энэ мэдэгдлийг хийлээ. Аливаад түрүүлж ам нээгээд байдаггүй, туршлагатай улстөрч гэгддэг тэрбээр энэ удаа ч гэсэн асуудалд хүлээцтэй хандсан. Гэвч “тэснэ тэснэ гэхэд” гэгч болов бололтой. УИХ-ын сонгуулиар мөнгө тараасан, сонгогчдын саналыг худалдаж авах гэсэн үйлдэл гаргасан гэсэн гомдол хэд, хэдэн тойрогт гарсан. Зарим нь баримтаар нотлогдсон. Харин хууль, шүүх энэ хэрэгт тэгш хандаж чадаагүй. Хэл аманд орсон хэд, хэдэн гишүүнийг тангаргийг нь өргүүлсэн хэрнээ Өвөрхангайн тойрогт ялалт байгуулсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг хасч, Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэх шийдвэрийг гаргаад байгаа билээ. Энэ хэрэгт нэг намаас нэр дэвшсэн гэдгээр нь хоёр хүнийг шууд буруутгаад байгаа нь шударга бус санагдаад байгаа юм. Үнэндээ Өвөрхангайгаас тасархай ялалт байгуулах нь анхнаасаа тодорхой байсан С.Чинзориг санал худалдаж авах гэж мөнгө тараах нь тэнэг хэрэг. Гэсэн ч хэргийг хамтад нь нялзааж, хамтад нь хасч орхилоо. Тэднийг санал худалдаж авах зорилгоор архи тараасан гэж байснаа сүүлд нь “Насанд хүрээгүй хүүхэд сурталчилгаандаа ажиллуулсан” гэсэн бодитой бус шалтгаанаар хассан билээ.
С.Жавхлан: Магсаржав ахыг маань төр засаг үнэлэхгүй байгаа ч Монголын ард түмэн минь болон би үнэлж байна
С.Жавхлан гавьяат төрийн тэргүүний дүрд “тоглов”. Тэрбээр тайлан тоглолтынхоо үеэр “ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан аяз зохиосон Магсаржав ахыг маань төр засаг үнэлэхгүй байгаа ч Монголын ард түмэн минь болон би үнэлж байна. Надад энэ “гавьяат” гэх алдар хүнддэж байна. Харин агуу хөгжмийн зохиолч энэ ахад маань хөнгөдөх байх” гэж хэлээд хөгжмийн зохиолч Б.Магсаржавт гавьяатынхаа тэмдгийг зүүж өгсөн юм. Түүний энэ “эрүүл биш” шийдвэр, ялангуяа “Би” гэсэн үг үзэгчдийн дургүйг тун их хүргэсэн ч уярч хайлах хүн бас байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Дургүйцсэн үзэгчдийн хувьд ойлгомжтой, “С.Жавхлан төрийн өмнөөс хүн шагнадаг хэн бэ” гэж бодсон. Улс төрд орох гэж хоёр ч удаа зүтгээд бүтээгүй тэрбээр сүүлийн үед “улстөржих” боломжийг алдахгүй ашиглах болсон. Ийм нэг үйлдэлдээ төрийн хишгийг чамласан нь таалагдахгүй байсан юм. Өгөхөд нь алгаа тосч авчихаад, дараа нь өөр хүнд шилжүүлж, тэгэхдээ муулаад авсан нь “ач мэддэггүй” ч гэх юм уу нэг тийм худрагагүй нэгэн болгож харагдуулсан юм.
Харин бусдынх нь хувьд “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Зүрхний уяа, “Зүүдэн бороо” зэрэг ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дуу зохиосон хөгжмийн зохиолч Б.Магсаржавыг төрийн хайр хишиг хүртээгүй явсанд нь гайхсан хүмүүс байсан юм.
О.Магнай: Нефть импортлогч компаниудаас 17 тэрбумаа авна, эргэлзэх хэрэггүй
Шатахууны үнийн асуудлаар өнгөрсөн нэгдүгээр сард Төрийн ордонд болсон нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатар “Торгууль ногдуулбал шатахууны үнэ нэмнэ шүү” хэмээн хурц мэдэгдэл хийж байсан билээ. Хэрвээ торгууль ногдуулбал нефть импортлогч компаниуд борлуулалтын үнээсээ торгуулийн мөнгөө гаргаад авчих юм байна гэсэн ойлголт эндээс үүссэн. ШӨХТГ энэ торгуулийг хүчингүй болгосон ч шинэ дарга О.Магнай сэргээсэн билээ. Сэргээгээд зогсохгүй НИК зэрэг компанид таван тэрбум төгрөгийн торгууль тавьсан. Энэ их мөнгийг шатахуун импортлогчид гаргаж өглөө гэхэд шатахууны үнэд шингээхгүй гэх баталгаа байна уу. Иргэдийн нуруун дээр бас нэг ачаа нэмчих вий гэсэн болгоомжлол нийгэмд үүсээд байна. Гэхдээ түүний шийдвэрийг нефть импортлогчдоос бусад нь талархан хүлээж авч байгаа юм. Тэрбээр мөн захаар үйлчлүүлсэн иргэдээс хураамж авдгийг болиулах шийдвэр гаргаж, Соёмбо, Чингис брэнд нэрийг төрийн мэдэлд авснаа зарласан юм.
Ц.Содномцэрэн: Дахин санал хураалтад ирц хамаарахгүй, илүү санал авсан нь ялна
Орон нутгийн сонгуулийн ирц хүрээгүй хэсгийн хороодод өнөөдөр дахин санал хураалт явуулж байгаа билээ. Энэ удаагийн санал хураалт дээр ирц хүрэхгүй байх вий гэсэн болгоомжлол байсан ч энэ нь санаа зовох асуудал биш байжээ. Дахин санал хураалтад ирцийн хувь хамаарахгүй, илүү санал авсан нь л ялдаг хуультай юм байна. СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн “Дахин санал хураах хэсгийн хороодын мэдээллийг нэгтгээд бэлтгэл ажлаа хийнэ. Орон нутгийн сонгуулийн тухай хуульд зааснаар дахин санал хураалтыг долоо хоногийн дотор зарлаж, санал хураана гэж байгаа. Дахин санал хураалтад ирц хамаарахгүй гэдгийг дээр хэлсэн. Өөрөөр хэлбэл, дахин санал хураалт ирц хүрэхгүй байсан ч хамгийн их санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцоод явах юм. Сонгогчдын ирцийг заавал 50 хувьд хүрэх ёстой гэх мэт тусгайлсан заалт байхгүй” хэмээн өгүүлсэн байна. Тэгэхээр хэсгийн хороодод гурван хүн ирж саналаа өгсөн ч илүү санал авсан нь ялалт байгуулах юм байна. Сонгууль өнөөдөр ямар ч байсан дуусах нь.
Х.БАТСАЙХАН
Эх сурвалж: www.mminfo.mn