logo
Хот дотроо цанаар гулгах боломж бүрдлээ

Хот дотроо цанаар гулгах боломж бүрдлээ

2012/12/04

Нийслэлийн иргэд өвлийн улиралд чөлөөт цагаа эрүүл агаарт өнгөрөөхийн тулд зардал чирэгдэл гарган байж хотоос гарах шаардлагатай болдог. Энэ байдлыг өөрчилж, хотын төвдөө иргэд цэвэр агаарт амралт чөлөөт цагаа өнгөрөөх боломж бүрдүүлэхийг Ерөнхий сайд Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд чиглэл болгосон юм. Энэ дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Туул голын хөвөөнд байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цанын зам шинээр нээхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцлоо.   Энд тойрог байдлаар нийт 5 км зам бий болгох боломжтойгоос өнөөдрийн байдлаар 1,5 км-ийг нь цасаар хучиж, цанаар гулгах боломжтой болгоод байна. Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу энэ замыг ирэх долоо хоног гэхэд 2,5-3 км хүртэл сунгаж, нэмж мөсөн гулгуурын талбай байгуулахаар боллоо.

 

 

 

Хотын төвдөө, тодруулж хэлбэл Нарантуул худалдааны төвийн баруун урд, Маршалын гүүрний хойно байрладаг тус цэцэрлэгт хүрээлэнд очиход тусгайлан унаа машин, нэмэлт зардал шаардахгүй учраас бүх насны иргэд энд ирж цэвэр агаарт амралт, чөлөөт цагаа өнгөрөөхийг Ерөнхий сайд уриаллаа.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь 1200 га талбайтай бөгөөд одоогоор бүрэн тохижилт хийгдээгүй ч өвлийн улиралд цанын гүйлтийн зам, мөсөн гулгуурын талбай байгуулан иргэддээ үйлчлэх бүрэн боломжтой юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш