Хан-Уул дүүргийн долоон хэсгийн хороонд өнгөрсөн бямба гарагт дахин санал хураалт болсон билээ. Гэтэл санал хураалтын цаг дуусмагц 15 дугаар хорооны 35, 33 дугаар хэсэгт автомат машины тасалбарт зөрөө гарснаас үүдэн ажиглагчид тайлбар хүстэл АН-ынхан омогдож, тайлбар өгөхгүй гэж давшилсан байна. Сонгуульд ажиллагсад болон гишүүд дэмжигчдийн үзэж буйгаар энэ хэсгүүдэд Монгол Ардын намын нэр дэвшигчид давуу санал авсан байх магадлалтай аж.
Учир нь хэдэн хэдэн удаагийн судалгаагаар нэр дэвшигчид нь өрсөлдөгчдөөсөө илүү байжээ. Энэ хоёр хэсэгт Монгол Ардын намаас Г.Батсайхан болон Н.Болдбаяр нар нэр дэвшсэн юм. Маргаан үүссэн эхлэл нь автомат машинаас гарсан тасалбар дээрх иргэдийн тоо нь санал иргэдийн бүртгэлээс зөрж үүнийг нь тойргийн хорооны дарга Оюун нуучихаад үзүүлэхгүй байснаас болжээ.
Нэг хайрцагнаас дор хаяж 20 гаруй хүний санал дутсан байна. Харин ямар ч тайлбар өгөлгүй үг сүггүй автомат машиныг цагдаагийн хамгаалалттай ачаад явжээ. Хяналтын тооллого хийж байж машин авч явахыг хүссэн залууг цагдаа бороохойдож унагасан хэрэг ч энэ үеэр гарсан аж. Тойргийн хорооны дарга Оюун цагдаа ирэхээс өмнө ч санал тоолох машиныг авч зугтахыг оролджээ.
Ардчилсан намын гишүүн Оюун гэгч эмэгтэй Хан-Уул дүүрэгт байдаг 115 дугаар сургуулийн захирал гэнэ. МАН-ын гишүүд дэмжигч залуус автомат машиныг хяналтын тооллого явуултал гаргахгүй хэмээн цаг шахам тэмцэлдсэн ч цагдаагийн хүчээр далайлгаж хааш нь мэдэгдэхгүй аваад явсан байна. Автомат машины будлианыг ямар ч үнээр хамаагүй нуун далдалж байгааг Хан-Уул дүүргийн 15-р хороон дээр болсон энэ үйл явдал харууллаа.
Саяхан болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ч автомат машин будилж, олныг сэрдхийлгэсэн билээ. Алсын ардчилсан АНУ-д аашаа үзүүлж байсан машин манайд ч булхайтай ажиллаж байгаагийн нэг жишээ нь удаа дараагийн сонгуульд илэрсээр байна. УИХ-ын сонгуулийн дараа АН-аас бусад бүх нам автомат машины эргэлзээг гаргах хяналтын тооллогыг бүх газар хийе гэсэн ч эрх баригчид өнөөг хүртэл огт зөвшөөрөхгүй байгаа нь ч хардлагыг улам бүр лавшруулж байна.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"