Энэ нь Пхеньяний эрх баригчид пуужин хөөргөх ажиллагаанд бүрэн утгаар бэлтгэж эхэлсэн гэсэн үг юм. Тус улс олон улсын хэм хэмжээний дагуу шинжлэх ухааны судалгаа явуулах зорилгоор "Кванмёнсон-3" хиймэл дагуулыг хөөргөхөөр төлөвлөж байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Харин өнөөдөр Умардын эрх баригчид хиймэл дагуулыг дээр дурдсан хугацаанд орон нутгийн цагаар 07:00-12:00 цагийн хооронд хөөргөх гэж байгаагаа Японы талд мэдэгдсэн байна. Японы тал Умард Солонгосын пуужин хөөргөхөөр төлөвлөж байгаад идэвхтэй бэлтгэж эхэлжээ. Одоогийн байдлаар "Кунисаки" ачааны тусгай хөлөг онгоцоор "Пэтриот" ПАК-3 зенитийн цогцолборыг Японы өмнөд арлууд руу илгээгээд байна. Цогцолборыг гол арал болох Окинавад мөн Умард Солонгосын пуужин дээгүүр нь нисэн өнгөрөх хөрш гурван аралд байрлуулах төлөвтэй байна. "Пэтриот"-ийн бас нэгэн суман Токиог хамгаалах болно. Умардын пуужинг амдан сөнөөх ажиллагаанд мөн чиглүүлэгч "Ижис" систем, алсын тусгалтай "Эс-эм-3" зенитийн пуужингаар тоноглогдсон эскадрын мина зөөгч хөлөг онгоцууд оролцох юм. Үүнээс өмнө Японы Батлан хамгаалахын сайд Сатоси Моримото арванхоёрдугаар сарын 7 хүртэл пуужин амдан сөнөөх ажиллагаанд бэлтгэж эхлэх тушаалыг тус улсын өөрийгөө хамгаалах үндэсний хүчинд өгсөн байна. Японы Засгийн газрын эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Токиогийн эрх баригчид Пхеньяны эрх баригчдаас пуужин хөөргөх ажиллагаагаа хойшлуулахыг шаардахаар төлөвлөж байгаагаас гадна энэ асуудлаар АНУ, Өмнөд Солонгос, Орос болон Хятад зэрэг олон улсын түншүүдтэйгээ нягт хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Д.Жаргал
Эх сурвалж:Монцамэ агентлаг