logo
“Бүлгийн асуудал анхаарлын гадна үлдээгүй” гэдгийг онцлов

“Бүлгийн асуудал анхаарлын гадна үлдээгүй” гэдгийг онцлов

2012/12/05
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2012.12.04/ хуралдаан хэдийгээр ирц бүрдсэн байсан ч хойшиллоо. Эхний хэлэлцэх асуудал болох Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей дуулгасан ч, УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авч буйгаа энэ үеэр мэдэгдсэн юм.
АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа гишүүний мэдэгдсэнээр бол, УИХ-ын тухай хуулинд заасны дагуу  Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төсөл буюу өнөөдөр хэлэлцэх гэж байгаа асуудалтай холбогдуулан АН-ын бүлэг завсарлага авч буй аж. УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас завсарлага авч байгаа шалтгааныг зарим гишүүн тодруулахад тэрээр, “хэлэлцэж, ярилцах зүйл байгаа” хэмээж байв.
Харин энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, цөөнхийг хүндэтгэх, эрхийг нь хамгаалах тал дээр хангалтгүй байгаа тухай хэлж, УИХ-ын удирдлага болон байнгын хорооны даргад МАН-ын бүлгийн асуудлаар хандсан ч нэг тийш асуудал шийдэгдэхгүй байна гэж байлаа.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, анхаарал тавьж байгаагийн нэг илрэл нь хэлэлцэх асуудлын дараалалд оруулаад хэлэлцэх гэж буй явдал мөн, бүлгийн асуудал анхаарлын гадна үлдээгүй  гэдгийг онцолж, УИХ дахь АН-ын бүлэг хуулийн дагуу завсарлага авч байгаа тул хуралдааныг хойшлууллаа гэсэн юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш