Хойд хөршид Калашниковын АК-12 шинэ загварын автоматыг туршлаа. Энэ загварын улсын туршилт ирэх оны зун болно. Үүний дараа л энэ автоматыг зэвсэглэлд нийлүүлэх юм байна. Олон улсын цэргийн мэргэжилтнүүд Калашниковын автоматыг дэлхийн хамгийн найдвартай буу гэж үздэг юм. Алдартай цуврал автомат бууны анхны загвар АК-47-г “Ижмаш” заводад үйлдвэрлэжээ. Энэхүү АК бүлгийн шинэ төрөл нь алдарт Михаил Калашниковын бодож олсон тэр л сонгодог хэлбэрээ хадгалсан байна. Шинэ загвар нь дуран хараатай буудах тусгал сайтай, тийрэлт нь бага, хөнгөн болсон байна. АК загварын буунуудын хамгийн “отгон”-ыг эх орны болон гадаадын 5,45 болон 7,62 хэмжээтэй суманд зориулаж үйлдвэрлэж болох нь энэ бууны олон талыг харуулж байна. Энэ автоматын зарим нэгэн хувилбар нь “хоёр хурдтай” байх юм. Өөрөөр хэлвэл одоогийн Калашниковын автомат буу нэг минутад 600 сум гаргадаг тэр хурдаар ч ажиллана, бас арай илүү хурдтай ч ажиллах боломжтой ажээ. АК-12 шинэ загварын автомат бууны суурин дээр сөнөөгч винтов, богиносгосон автомат буу, пулеметон гар буу, мэргэн буучийн хагас автомат винтов, гар пулемет зэргийг үйлдвэрлэх юм байна. Шинэ автомат буу АК-12 зэвсэглэлийн дэлхийн зах зээл дээр алдартай АК-47 бууг нэр төртэй орлож, буудлагын бусад ижил төрлийн зэвсэгтэй амжилттай өрсөлдөх чадвартай бөгөөд АК-47 алдартай автомат бууны хосгүй амжилтыг энэ загвар давтана хэмээн найдаж байгаагаа шинжээчид мэдэгдэгсэн байна. Калашниковын АК-47 автомат буу үйлдвэрлэсэн нэгж тоо болон дэлхий дахинд тарсан хэмжээгээрээ үнэмлэхүй аврага болсон бөгөөд Калашниковын автомат бууг Орос улсаас гадна Хятад, Зүүн Европ, Латин Америкт үйлдвэрлэж байсан одоо ч үйлдэрлэж байгаа юм. Нийтдээ янз бүрийн загварын 70 сая гаруй АК автомат буу үйлдвэрлэгдсэн гэх тоо баримт байна. Дэлхийн 50 орны арми энэ автомат бууны төрөл бүрийн хувилбараар зэвсэглээд байна.
Б.ЭРХЭС
SHUUM.MN
Б.ЭРХЭС
SHUUM.MN