logo
МАХН сайд нараа Засгийн газраас гаргахаар шийдвэрлэлээ

МАХН сайд нараа Засгийн газраас гаргахаар шийдвэрлэлээ

2012/12/05
МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлаар Засгийн газраас МАХН-ын сайд нарыг татах талаар шийдвэр гаргажээ. Уг хурлаар МАХН-ын дарга Н.Энхбаярт тулгасан ял болон хэргийн үйл явцыг хэлэлцэж үзээд дөрвөн шийдвэр гаргасан байна. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаярыг зохиомол ял тулган хорьж байгаа нь улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт хэмээн МАХН-ынхан үзлээ. Мөн энэхүү хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохгүй өнөөг хүрсэн учир Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа МАХН-ын гишүүддээ Засгийн газраас гарахыг даалгасан байна.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байгаа уг хууль бус, улс төрийн зорилготой ажиллагааг таслан зогсоохгүй өдийг хүрсэн учир ийнхүү намын гишүүд Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарахыг даалгасан аж. Тиймээс энэ үйл явдалтай холбоотойгоор улс орон дотор тогтворгүй байдал үүсвэл хариуцлагыг МАХН үүрэхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдсэн байна.

Мөн МАН төр барьж байх үед өмч хөрөнгөтэй холбоотой олон асуудал гарч, нэр холбогдож байсан Т.Бадамжунай, М.Энхболд, У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Сү.Батболд нарыг албан ёсоор АТГ-т өгч шалгуулахаар болсон тухай тус намаас мэдэгдсэн.

Энэ талаар МАХН-ын Нийслэл буюу намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн “Ардчилсан намын хүсэлтээр МАХН Эвслийн Засгийн газарт орж ажилласан. Ингэхдээ Монгол оронд хэлмэгдүүлэлтийг гаргахгүй байх, бие болсон нөхцөл байдалд хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох, энэ талаар тодорхой асуудал тавьж, хамтарч ажиллана гэж гэрээндээ тусгасан. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ хэлмэгдүүлэлт таслан зогсоогдох биш, улам газар авч байгаа, МАХН-ын жирийн гишүүд Орон нутгийн сонгуульд сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадахгүй болсон энэ нөхцөл байдалтай уялдуулан МАХН Засгийн газраас гарах боллоо” гэсэн юм.

Мөн “Хуулийн байгууллага хэлмэгдүүлэлтээ зогсоохгүй юм байна гэдгийг анхан болон дунд шатны шүүхээс тодорхой харсан. Дээд шүүхийн хуралдаан энэ баасан гарагт болно. Гэхдээ энэ шийдвэрт бид итгэл алга. Тийм учраас МАХН ийм алхам хийхээс өөр арга үлдэхгүй байдалд хүрээд дээрх шийдвэрийг гаргалаа” гэв.

МҮАН-ынхан энэ шийдвэрт хэрхэн хандаж байгаа талаар тодруулахад “"Шударга ёс" эвслийн хувьд эвслийн дарга нь манай намын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва байгаа. Тиймээс Д.Тэрбишдагва даргад эвслийн удирдах зөвлөлөөр энэ асуудлыг хэлэлцэх чиглэлийг өгсөн. Хэлэлцсэний дараа шийднэ” гэж хариуллаа.

Эвслийн сайд нар Засгийн газраас гарсан тохиолдолд АН дангаар Засаг бүрдүүлж чадахгүй. Энэ тухайд тэрбээр “Тэртээ тэргүй АН гэрээний заалтаа хэрэгжүүлэхгүй байгаа учир манай нам зохих шийдвэрээ гаргах эрхтэй. Эвсэл задарвал АН дангаар Засгийн газар бүрдүүлж чадахгүй. Гэхдээ энэ бол ёстой тэр нөхдүүдийн асуудал. Гэрээндээ зааснаа хэрэгжүүлэхгүй байгаа юм чинь бас нэг зүйл бодож л байгаа байх” гэсэн юм.

Нэгэнт МАХН-ын Гүйцэтгэх товчоо шийдвэрээ гаргасан тул өнөөдрөөс шийдвэрээ албажуулж сайд нарт гардуулах юм байна. Үүнийг хүлээж авсаныхаа дараа сайд нар ажлаа зохицуулж, Засгийн газраас гарах боллоо.

Г.Билгүүн
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш