logo
Л.Эрдэнэтуул: Засгаас МАХН гарч тогтворгүй байдал үүсвэл хариуцлагыг АН болон Ц.Элбэгдорж хүлээх болно

Л.Эрдэнэтуул: Засгаас МАХН гарч тогтворгүй байдал үүсвэл хариуцлагыг АН болон Ц.Элбэгдорж хүлээх болно

2012/12/06
-Хууль хүчнийхэнийг улс төрийн зорилгоор ашиглана гэдэг төрийн эргэлтийн чимээгүй илрэл-
    Н.Энхбаярт тулгаад байгаа хилс хэрэг, хэлмэгдүүлэлтээ зогсоохгүй бол Засгийн газраас гарах шийдвэрийг МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүд гаргасан. Эвслийн Засгийн газарт багтаж байгаа МАХН-ын гаргасан энэхүү шийдвэрийн талаар улстөрчид, улс төр судлаачид өөр өөрийн байр суурийг илэрхийлсээр байна. МАХН-аас гаргасан шийдвэрийн талаар Улс төр судлаач Л.Эрдэнэтуултай ярилцлаа.
-Н.Энхбаярт оногдуулсан ял нь цэвэр улс төрийн хэлмэгдүүлэлт мөн гэж МАХН-ынхан үзлээ. Монголчуудаас гадна дэлхийн улс орнуудад Дээд шүүхээс гарах шийдвэрийг анхааралтай хүлээж байх шиг байна?
-Монгол Улсын Дээд шүүхэд МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдуулж байгаа хилс хэргийг шийдэх эцсийн хурал болох гэж байна. Ер нь Ардчилал ялсан 1990 оноос хойш гарч байгаа хамгийн том улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт яг одоо явагдаж байна. Ардчилсан нийгэм гэдэг нь өөрөө ямар ч хүн өөрийн үзэл бодол, илэрхийлсэн байр суурь зэргээрээ илт хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй л бол хэлмэгдэх ёсгүй гэсэн зарчим дээр тогтдог. Гэтэл энэ зарчим нь томоохон төрийн зүтгэлтэн хүн дээр алдагдаж байна. 1924 онд манай улс тусгаар тогтнолоо зарласан. Тусгаар тогтносон Монгол Улсын хувьд энэ хэлмэгдүүлэлт  хар толбо болж үлдэх гээд байна. Энэ асуудлыг хуульчид хангалттай тайлбарлах байх. Харин би улс төр судлаач хүний хувьд нэг зүйлд анхаарлыг хандуулахыг хүссэн. Яагаад хэлмэгдэл гэж үзэх үндэслэл байна вэ гэхээр хэлмэгдэлт гэдэг нь хуулийг уландаа гишгэсэн, тухайн хүнийг яллах, буруутгах үйл явц нь өөрөө хууль зөрчсөн, дураараа дургисан байдал дээр тогтдог. Хүмүүс мэдэхгүй байх л даа. Гэхдээ миний мэдэж байгаагаар Н.Энхбаярын 49-50 хуудас хавтаст хэргийн 70-80 хувь нь ам дамжсан яриа төдийгүй хов живнээс тогтсон гэдгийг анхан шатны шүүх хурлын үеэр олон түмэн харсан. Гэхдээ нэг хэсэг хаалттай хуралдсан. Тэр хаалттай хурал дээр гаргасан нотлох баримтын хамгийн ноцтой нь хууль бусаар утас чагнасан, цахим шуудан руу нь орж мэдээллийг уншсан үйлдэл байсан. Гэтэл ямар ч ардчилсан гэгдэх нийгэмд аливаа хүний хувийн хэрэгт халдаж утасыг чагнах, тагнах асуудал нь өөрөө хууль шүүхээр зохицуулагддаг асуудал. Өөрсдөө ийм хууль бус үйлдэл хийчихээд үүн дээрээ үндэслэж хүнд ял тохоож байна гэдэг нь байж боломгүй зүйл төдийгүй цэвэр хэлмэгдүүлэлт юм.
-Ганц энэ хэлмэгдүүлэлт ч биш ер нь АТГ хэн нэгний эрх ашгийн төлөө ажиллаад байгаа нь анзаарагдах юм?
-Үүнийг Монгол хүн бүр битгий хэл дэлхийн улс орнууд хүртэл анхааралтай ажиглаж байгаа. Д.Нацагдорж гуайн зохиолд гардаг шиг Монголчууд хөмөрсөн тогоон дотор одоо хүртэл амьдарч байна гэж битгий бод. Гадаад ертөнц гэж байна. Тэд нар энэ хоёрхон сая Монголчууд ер нь юу болоод, яаж алиалж байгаа вэ гэдгийг дотроо хөх инээд нь хүрээд харж суугаа. Ингэж дэлхийд шившигээ тарих хэрэггүй юм шүү дээ. Улс төрийн зүтгэлтэн хүнийг, хэдийгээр төрийн өндөр албан тушаал хашихаа больсон ч гэсэн өөрийн эрхийнхээ дагуу улс төрийн идэвхитэй үйл ажиллагаа явуулж байсан хүнийг хууль бусаар тагнаж, чагнаж байсан гэхээр өөрөө хууль зөрчсөн асуудал. Сайн цаг хэзээ нэгэн үед ирж л таарна. Тэр үед хэн шийдвэр гаргаж, хэн тагнаж, чагнаж байсан гэдэг нь босч ирэх л асуудлын нэг. Үүнд хариуцлага тооцох л ёстой. Ер нь энэ хэлмэгдүүлэлт бол хэтэрхий хавтгайрсан үзэгдэл. АТГ гэх дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж, тодорхой улстөрчдийн хүрээлэлд үйлчилдэг заазуурын газар бий болсонд асар их харамсаж байна. Уг нь 1997 онд УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюун бид нар хамтдаа энэ байгууллагыг анх санаачилж, дэлхийн улс орнуудын туршлагыг судалж явсан. Гонконгийн ийм байгууллага юу хийдэг юм, ер нь ийм бие даасан байгууллага байгуулбал яасан юм бэ гээд явж байлаа. Гэтэл хүмүүсийн ийм сайхан санаачилгыг Монголын бохир улс төр эсрэгээр нь 180 градус эргүүлдэг болчихсон. Нэг сайхан санаа гаргаад түүнийхээ төлөө зүтгээд эхэлдэг гэтэл замын дундаас нөгөө улс төрийн цөөвөр чононууд гарч ирээд хувийн эрх ашиг, тоглолтондоо гуйвуулж утга санааг нь завхруулж явдаг практик тогтоод удаж байна. Үүнийг ил тод хэлэхгүй байхын аргагүй.
-Улс төрийн хэлмэгдүүлэлтээс үүдэн төрийн эргэлт гарч магадгүй гэсэн айдас хүн бүрт төрөөд байна?
-Ер нь аливаа хууль, хүчний байгууллагыг өөрийн хувийн улс төрийн зорилгоор ашиглаж, зорилгоо биелүүлэх хэрэгсэл, зэвсэг болгож байгаа нь төрийн эргэлтийн хэлбэр. Нэг ёсны чимээгүй, хүний анхаарал татаагүй төрийн эргэлт явагдаж байна. Нэг тодорхой эрх мэдэлтэн хүн, эсвэл хэсэг бүлэг хүмүүс хууль хүчний байгууллагыг өөрийнхөө атганд авч байгаа гэдэг нь төрийн эргэлтийн хэлбэр. УИХ-д байгаа, Засгийн газарт байгаа арай сийрэг ухаантай хүмүүст би анхааруулж, сэрэмжлүүлж хэлэх гээд байна. Та нар өнөөдөр анзаараарай. Цагдаа хүчний байгууллага, АТГ, шүүх гээд бүгд улс төрийн бүлэглэлүүдэд үйлчилж байна. Хуулиа нулимаад явж байгаа гэдэг нь аймшигтай. Монгол хууль хүчний байгууллагын, АТГ гэдгийн атганд ороод байгааг харуулж байна. Ер нь АТГ-ын цаана одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгаа юм уу гэсэн хардлага байгаа. Энэ утгаараа Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байгаа томоохон хэлмэгдүүлэлттэй үр дүнтэй тэмцэх арга замыг ганц “Шударга ёс” эвсэл, МАХН ч биш монголооо гэсэн сэтгэлтэй иргэд, ард түмэн хайж, хэрэгжүүлэх нь зүйн хэрэг. Тэгээсэй ч гэж хүсч байна.
- Тэгэхээр та МАХН-ын Засгаас гарна гэсэн шийдвэрийг дэмжиж байгаа гэсэн үг үү?
- Хэрэв Н.Энхбаярт ял тулгаж хэлмэгдүүлэх юм бол “Шударга ёс” эвсэл Засгийн газраас гарах нь зөв гэж үзэж байна. Уг нь энэ нь улс эх оронд их хохиролтой. Үүнийг АН-ынхан өөрсдөө илүү ойлгох хэрэгтэй. Засгийн газарт олонхи болсон АН-ын дотор янз бүрийн л санаа бодолтой хүмүүс байгаа. Тиймээс энэ асуудал дээр эрүүл саруулаар дүгнэлт хийж чадах хэрэгтэй. Эцсийн дүндээ тогтвортой Засгийн газар Монголд хэрэгтэй. Энэ царцмаг байгаа байдлаасаа гарч хөгжлийн төлөө нэг алхам ч гэсэн урагшлах хэрэгтэй. Гэтэл үүний чөдөр тушаа нь “Шударга ёс” эвсэл биш улс төрийн хэлмэгдүүлэлт явагдаж байгаа энэ үзэгдэл болчихоод байна. Хэрвээ нэг хүн шоронд ороо л биз, бид Засагтаа байх ёстой гэсэн байр сууринаас хандах юм бол улс оронд ялгаагүй л хохиролтой. Бүх юм уялдаа холбоотой байдаг. Жишээ нь, Украйнд болсон Юлия Тимошенкотой холбоотой асуудал байна. Украйн бол баруун Европыг байгалийн хийн транзитаар хангадаг их том, эдийн засгийн хувьд Европтой нягт холбоотой газар зүйн байршилтай улс орон. Гэтэл  Тимошенкод хилс хэрэг тохсоноор эдийн засгийн том хохирол амссан. Европын орнууд Украйнтай хийсэн гэрээ, тусламжаа цуцалж байсан. Тиймээс хэлмэгдүүлэлт гаргаж өөрийн өшөө хорслыг тайлахын төлөө улс орныхоо хувь заяагаар тоглох хэрэг байна уу АН-ынхаан гэж хэлмээр байна. Хэрэв Засгийн газар огцорч, үүнийг хэн ч, юу гэж ч тайлбарлаж, хашгирч байсан хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох зөв зүйтэй үйлдэл юм. Яаж ч мушгин гуйвуулсан гэсэн түүхэн үнэнээрээ гараад ирнэ. Үүнээс гарах тэр хор уршигийг гарцаагүй олонхи болсон АН хүлээх болно. Өөрсдөө үүнийг эрүүл ухаанаар тунгааж бодно биз дээ. 
-Хэдийгээр шударга ёсны төлөө гэж байгаа ч шинэхэн Засгийн газар байгуулагдаад удаагүй, хийх ажил их байхад МАХН ийм шийдвэр гаргаж байгааг буруутгах хүн олон байна?
-Үндсэн хууль, бусад холбогдох хуулиудын дагуу эвслийн Засгийн газар задарлаа гэхэд Үндсэн хуулийн маш ноцтой хямралыг дагуулна. Учир нь дахин шинээр Засгийн газар байгуулах хууль эрх зүйн үндэс нь Үндсэн хуульд байгаа.  Гэтэл шинэ эвсэл байгуулагдах нөхцөл бололцоо ямар байх вэ. “Шударга ёс” эвслийн хувьд ч гэсэн улс төрийн утгаараа яригдана. Бүр цаашилбал Засгийн газар байгуулагдах боломжгүй нөхцөл байдал үүсвэл УИХ тарах хүртэл асуудлууд бий болох гэж байгаа юм. Ийм их хор хохиролтой байгаа ч гэсэн МАХН Засгийн газраас гарах шийдвэрийг хэн нэгний сэтгэлийн хөөрлөөр шийдээгүй. Би дахиад хэлье. Юуны төлөө эвслийн шинэ Засгийн газар байгуулагдсан юм бэ. Тодорхой гэрээ хэлэлцээрийн дагуу эх орноо хөгжүүлье, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлье гэж Засгийн газраа байгуулсан. МАХН-ын баримталж байгаа нэгэн чухал үнэт зүйл бол улс төрийн хэлмэгдүүлэлт гаргахгүй байх. Ганц Н.Энхбаярт хэлмэгдүүлэлт тохиолдоод байгаа юм биш. Саяхан гэхэд “7 сарын 1-ний” хэрэгтэй холбогдуулан цагдаагийн удирдлагуудыг мөн л хэлмэгдүүлж ял өгсөн. Ер нь энэ улс төрийн сэдэлт бол 7 сарын 1-ний үнэн бодит байдал, Н.Энхбаяр даргын дэлгэн тавьсан протуколтой давхцаж байгааг сануулах хэрэгтэй. Сүүлийн үеийн энэ АН-ын дураараа аашилж байгаа нь хэрээс хэтэрлээ. Хэдийгээр би МАН-Д шүүмжлэлтэй ханддаг ч гэсэн төрийн албан хаагчдыг хомгороглон халж, халаа сэлгээг “Хэн намайг хэлэхэв, нохойг хэн саахав” гэсэн шиг хийж байгаа АН-ынхны үйлдэл ирэх дөрвөн жилд эх орныг хөгжүүлэх үү, уруудуулах уу гэсэн эргэлзээ төрүүлж байна. Ийм үед зөвхөн Засгийн газрын тогтвортой байдал Үндэсний эрх ашигт нийцэж байгаа гэж ярьж болохгүй. Эцсийн эцэст Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт  давтагдахгүй байх, шударга байх, хэн нэгэн өнөөдөр ажлаасаа шалтгаангүйгээр халагдах вий, хэлмэгдэх вий, надтай хувийн өс хонзонгийн үүднээс хандах вий гэсэн айдасгүй байх нь Үндэсний эрх ашигт нийцэж байгаа юм. гэтэл энэ айдсыг улайм цайм гаргаад байгаа нөхцөлд ямар ч хамаагүй үнээр Засагт хамтарна гэдэн нь утгагүй асуудал. Нэгэнт АН өөрт хүлээсэн улс төрийн үүргээ биелүүлэхгүй байгаа нөхцөлд яаж Засагт хамтрах юм бэ. Тиймээс  энэ асуудлаас болж Үндсэн хуулийн хямрал үүсэх юм бол дураараа авирлаж байгаа, хуулийг гууль болгож байгаа, уландаа гишгэж байгаа, өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн ашиглаж байгаа АН, түүнээс нэр дэвшиж гарч ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар хариуцлагыг нь хүлээнэ гэж баттай хэлэх байна. Улс төр судлаач хүний хувьд үүнийг дараа дараагийн өдрүүдэд гаргаж тавьна гэж бодож байгаа.
-Гэхдээ ганцхан Н.Энхбаярын төлөө МАХН  эх орны эрх ашгийг гаргуунд нь гаргаж байна гэж үзээд байгаа шүү дээ?
- Энд ганцхан Н.Энхбаяр даргын асуудал яригдаад байгаа юм биш. Үүний цаана түрүүнд хэлсэнчилэн монгол хүн бүрийн айдасгүй, эрхээ бүрэн эдлэх, үүргээ биелүүлэх тэр асуудал агуулагдаж байгаа учир Ганцхан Н.Энхбаяраас болж Засгийг тараах гээд байна гэж гуйвуулаад л байгаа. Гэхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лидер улстөрч гэж бий. Тэгэхээр Монголын улс төрийн тогтвортой байдал нь нийгмийн томоохон манлайлагч болох Н.Энхбаяр гэдэг хүний хувь заяатай салшгүй холбоотой гэдгийг Монголчууд бид нар ойлгох ёстой. Чингис хаанаас эхлээд бидний түүхэнд улс орны хувь заяа нэг хүнээс хамаарч байсан үе олон байгаа. Тиймээс энэ асуудлыг жижигхэн болгох гээд, Н.Энхбаярыг шүүх нь шийднэ биз гэж ярьж байгаа хүмүүс өөрсдөө ямар ч улс төрийн боловсрол алга. Эсвэл санаатайгаар ингэж ярьж байна. Тэр хүн үнэхээр улс төрийн лидер болохоор тэд яаж ч хүсээд Н.Энхбаяраас улс төрийн хувь заяа шалтгаалах л болж таарна. Үүнийг тэр АН болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар ойлгох л хэрэгтэй.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш