Киргиз улсын нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдаж буй ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож буй Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотай уулзлаа.
Саяхан ХКН-ын 18 дугаар Их хурлаа хийсэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао Киргиз улсад төрийн айлчлал хийж байгаа бөгөөд энэ үеээрээ Монгол Улсын шинэ Ерөнхий сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, хоёр улсын харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллахаа хэлсэн юм.
Мөн цаашид хоёр тал улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцолыг улам бүр гүнзгийрүүлэхийн тулд өндөр дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, парламент, улс төрийн намуудын хоорондох солилцоог өргөжүүлэх, худалдаа эдийн засаг, дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг салбарт томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх замаар бодит хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн хувьд 2013 оны 3 дугаар сард Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монголчуудын дотны анд нөхрийн хувиар Монгол улсад зочилж байхыг урьлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.