Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Жанторо Сатыбалдиев,
Хуралдаанд оролцож буй улс орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нар аа,
Хатагтай, ноёд оо,
Өнөөдрийн хуралдаанд намайг болон манай төлөөлөгчдийг урин оролцуулж, элэгсэг дотноор хүлээн авч буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар, ард түмэнд гүн талархлаа илэрхийлье. Эртний сайхан түүхээр холбогдсон Киргиз түмний нутагт зочлох боломж гарсанд миний бие туйлын баяртай байна. Улаанбаатар-Бишкекийн хооронд шууд нислэг нээгдсэн нь хоёр холын андуудыг улам бүр ойртуулсныг биеэр мэдэрсэндээ сэтгэл хангалуун байна.
Миний бие өмнө нь Шанхайн хамтын ажиллагааны байгуулагын гишүүн орнуудын төр, засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд Тэргүүн шадар сайдын хувьд оролцож байсан. Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар оролцож буй анхны гадаад арга хэмжээ маань энэхүү хуралдаан болж байна.
Монгол Улс ШХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн ньтус байгууллагын Төв Азийн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, бүс нутгийн орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд чухал үүрэгтэй механизм болон төлөвшиж байгаа гэж үздэгтэй холбоотой. Энэ онд өмнөх жилүүдэд оролцож ирсэн уламжлалт арга хэмжээнүүдийн зэрэгцээ “Эрчим хүчний клуб”, Афганистаны асуудлаарх дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалтад оролцсон нь Монгол улсын хувьд онцлогтой байлаа.
Монгол Улс ШХАБ-ын хүрээнд дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, байгаль орчин, гамшигтай тэмцэх зэрэг олон салбарын үйл ажиллагаанд оролцож, хамтран ажиллах сонирхолтой байдаг. Тодорхой төслүүдийг хамтран хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлт, ард иргэдийн амьжиргаанд ахиц дэвшил гаргах нь бидний нийтлэг хүсэл эрмэлзэл учраас манай улс “ШХАБ-ын гишүүн орнуудын хооронд худалдаа, эдийн засгийн олон талт хамтын ажиллагаа хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд анхаарч, хамрагдах боломжийг судлаж ирсэн. Энэхүү хөтөлбөртэй төстэй хөтөлбөрийг гишүүн, ажиглагч, яриа хэлцээний түнш орнуудын оролцоотойгоор боловсруулан гаргах нь зүйтэй гэж үздэгээ дахин илэрхийлэхийг хүсч байна. Гишүүн орнууд ШХАБ-ын хүрээн дэх төслийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний жагсаалтыг гаргаж буйд бид онцгой анхаарал хандуулж байна.
Хатагтай, ноёд оо,
2012 он манай улсын дотоод үйл амьдралын хувьд онцлог жил болж өнгөрч байна. 6 дугаар сард УИХ-ын сонгууль, 11 дүгээр сард орон нутгийн сонгууль амжилттай болж өнгөрлөө. УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал авсан Ардчилсан нам бусад нам, эвсэлтэй хамтран эвслийн засгийн газар байгуулан ажиллаж буйг та бүхэн мэдэж байгаа. Манай “Шинэчлэлийн” Засгийн газар иргэдээ ажил, орлоготой болгох, шинэ бүтээн байгуулалтыг өрнүүлэх, төрийн захиргааны шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилтуудыг тавин ажиллаж байна.
Шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд түнш орнууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой байх болно.
Манай засгийн газрын хэрэгжүүлэх шинэ төмөр замын бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн парк байгуулах, Монголын нутгийг хөрш орнуудтай холбосон хурдны зам барих зэрэг томоохон төслийг хэрэгжүүлэхэд ШХАБ-ын орнуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа тэмдэглэхийг хүсч байна.
Таван тэрбум ам.долларын өртөг бүхий 1800 км урт шинэ төмөр зам төсөлд оролцохыг сонирхогч гадаадын компаниуд тусгай зориулалтын компанид хувь эзэмших хэлбэрээр оролцох боломж нээлттэй байгаа.
Саяхан Монгол Улсын Засгийн газраас анх удаа зарласан 5 тэрбум долларын бондын эхний ээлжийн 1.5 тэрбум долларын бонд дэлхийн зах зээлд амжилттай арилжаалагдлаа. Тиймээс бид эдийн засгийн үр өгөөжөө өгөх олон зорилтуудыг ажил хэрэг болгох боломж нээгдэж байна.
ШХАБ-ын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө Монгол Улс цаашид ч хүч чармайлт гарган ажиллахаа дахин илэрхийлье..