Ерөнхий сайд Н.Алтанхуяг дараагийн уулзалтаа Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Ж.Сатыбалдиевтай хийсэн юм. Түүх соёлын хувьд эртний хэлхээ холбоотой Киргиз Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд ойд монголын тал өндөр ач холбогдол өгч буйгаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцоллоо. Мөн Монгол, Киргиз хоёр улс ардчилал, үнэт зүйлсийг дээдэлдэг, парламентын засаглал бүхий улс төрийн ижил тогтолцоотой орнууд учир харилцан бие биеээ дэмжиж, туршлага хуваалцаж ажиллахын чухлыг дурдсан юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн 7 дугаар сард Бишкек - Улаанбаатарын хооронд агаарын шууд шугам нээсэн нь 2 орны иргэд хоорондын оролцоог нэмэгдүүлэх, эдийн засгийн харилцаа эрчимжих, аялал жуулчлал хөгжүүлэх таатай нөхцөл бүрдэж байгааг хэлээд цаашид уул уурхай, хөдөө аж ахуй, соёл боловсролын хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлага буй дээр хоёр орны Ерөнхий сайд санал нэг байгаагаа илэрхийллээ.
Мөн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргын хувьд Монгол Улсын зохион байгуулж байгаа арга хэмжээнд Киргиз улс идэвхтэй оролцдогт талархалаа илэрхийлээд ирэх оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Сайд нарын 7 дугаар бага хуралд ноён Ерөнхий сайд Ж.Сатыбалдиевийг оролцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.