Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 1-нд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Хасбаатарын гудамжинд онц ноцтой хүн амины хэрэг гарсан байна.
Тодруулбал, “Merdy” гэх буудалд угтагч ажилтай 24 настай О гэх эмэгтэй амиа алдсан байна гэх мэдээлэл ням гарагийн үүрээр тус дүүргийн цагдаагийн хэлтэст иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийнхан очиж, газар дээр нь үзлэг шинжилгээ хийж, тухайн зочид буудлын үйл ажиллагааг зогсоосон байна.
28 дугаар сургуулийн баруун талд зам дагуу байрлах хоёр давхар мансардтай энэхүү обьектод зөвхөн буудал биш паб, караоке, зоогийн газар ажилладаг байжээ. Энэ газрыг залуухан эхнэр нөхөр ажиллуулдаг аж. Гэхдээ зөвхөн буудлыг нь. Бусад газруудаа хүмүүст түрээсэлдэг байсан байна. Түүнчлэн энэхүү газар нь зам тавих газрын зурагт орсон учир Баянгол дүүргийн Газрын албанаас обьектыг буулгах албан бичиг өгсөн ч хавар болтол хэмээн аргалж, түр хугацаагаар хойшлуулсан байжээ.
Талийгаач эмэгтэйг хүчиндсэнийхээ дараа амийг нь бүрэлгэсэн байж магадгүй
Манай сурвалжлах хэсэг “Merdy” буудалд очиж, зарим хүмүүстэй уулзсан юм. Тус газрын замын эсрэг талд байрлах цайны газрын ажилчид “Биднийг ням гарагийн өглөө ирэхэд хоёр гурван машинтай цагдаа ирчихсэн байсан. Эхэндээ ч энэ газар зодоон цохион болж байдаг болохоор тэр нь л юм байх гээд нэг их тоогоогүй.
Гэтэл цагдаа нар нэмэгдэж ирээд гуч дөчүүлээ болж, шинжилгээ хийдэг төмөр цүнх барьсан хүмүүс орохыг хараад онц ноцтой хэрэг болсон байх гэх таамаг төрсөн. Тэгээд удалгүй дамнуурга дээр бүтээлэгтэй хүн авч явсан. Удалгүй хүмүүс ч орж ирээд хүн амины хэрэг гарсан тухай ярьсан.
Энэ буудалд угтагч хийдэг өөр нэг эмэгтэй манайхаас дандаа хоол авч иддэг юм. Тэр хэрэг гарсны маргааш орж ирээд “ажилд ороод удаагүй байсан юм. Талийгаачийн тав дахь ээлжийн гараа нь байсан. Өглөө биднийг очиход танихгүй болтлоо зодуулчихсан байсан. Манай хоёр эзнийг байцааж байгаа. Ер нь манайд ажилладаг бүх хүмүүсийг л байцаах юм шиг байна гэж байсан гэж ярьж байсан.
Хэрэг гарснаас хойш хоёр удаа тухайн газрын эзэн гэх залуу ирсэн байх. Гэхдээ хүмүүсийн хэлж байгаа шиг боомилж алаагүй юм шиг байна лээ. Талийгаачийн хоолойг боомилж биш зүсч алсан гэсэн. Мөн түүний хамаг хувцсыг тайлж, дотуур хувцсыг нь хагас тайлсан байсан. Цагдаа нар хүчиндсэн байх гэж үзэж байгаа юм билээ. Ер нь энэ буудал олон өрөөтэй.
Согтуу хөлчүү хүмүүс их ордог газарт ганц эмэгтэй хүн ажиллуулна гэдэг байж болохгүй зүйл. Мэдээж хүчиндэх гэж оролдоод үгүй гэхээр нь зодож тарчлаагаад, дараа нь хүчиндсэн байхыг үгүйсгэхгүй шүү дээ” гэх мэдээллийг өгсөн юм.
Түүнчлэн хэрэг болсон газар анх нэг давхар байсан бөгөөд ганцхан цайны газар л ажилладаг байжээ. Цайны газраас буудал болтлоо өргөжсөн энэ газар 20 гаруй өрөөтэй. Гэхдээ орчин нөхцөл нь тийм ч таатай биш. Ерөнхийдөө энэ буудалд хайртай амраг хосууд орж шөнийг өнгөрөөхөөс илүүтэй найз нөхдөөрөө нийлж, архи ууж дарвих гэсэн нөхдүүд ордог талаар ч зарим хүмүүс хэлж байсан юм.
Энэ ч үүднээс зодоон цохион байсхийгээд гардаг байна. Мөн хэрэг гарсан орой буудлын эсрэг талд байрлаж ажиллагаа явуулдаг байсан авто засварын газарт шөнийн ээлжинд ажилласан хоёр ажилтанг хэрэгт холбогдуулан байцааж эхэлсэн байна.
Тус газарт орж байцаагдаж байгаа хоёр ажилтантай уулзах гэсэн боловч “Байцаалтаа өгөхөөр явсан, ирээгүй байна. Бид яаралтай гээд орж ирсэн машиныг гаргаж өгөхийн тулд шөнө ажилладаг. Хэрэг гарсан тэр өдөр нь таараад бөөн асуудал болчихлоо” хэмээн бусад ажилчид нь ярьж байсан юм.
Бид хэрэг гарсан орой ажиллаж байсан ажилтан руу залгасан ч холбогдох боломжгүй гэх хариуг өгсөн. Мөн тус газрын ажилчид хойд талын “Номуун” зочид буудал руу орж байсан гэсэн юм. Ингээд хэрэг гарсан газрын замын эсрэг талд байрлах “Номуун” караоке, паб, зочид буудалд орж угтагчаас хэргийн талаар лавлав. Тус буудал гаднаа камер байрлуулсан бөгөөд ойр хавьд болж байгаа үйл явдал тэр дундаа “Merdy” зочид буудал тод харагддаг байна.
Мөн камерт бичигдэж үлдсэн бичлэг хэдэн сар хадгалагддаг тухай ч ярьж байсан юм. Цагдаа нар ч хэрэг болсон өдөр болон сүүлийн долоо хоногийн бичлэгийг хуулж авсан байна. Гэхдээ хэрэг шөнө дунд болсон учраас гудамж гэрэлтүүлэг муутай болохоор хэрэг гарсан өдөр хэдэн хүн тус буудлаар үйлчлүүлсэн, ямар хүмүүс орж гарч байсан талаар нарийн харж чадахгүй байгаа юм байна.
Мөн тухайн өдөр “Merdy” зочид буудлын ойр хавьд үйл ажиллагаа явуулдаг бүх газруудын ажилчдаас байцаалт авч байгаа аж. Харин тус дүүргийн цагдаагийн газар очиж хэргийн талаар тодруулах гэсэн боловч “Хэрэг мөрдөлтийн шатанд явна. Ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Тухайн үед буудалд, болон ойр хавьд нь байсан бүх хүмүүсийг байцааж байна. Хэрэг бүртгэл дөнгөж эхлээд явж байна” гэхээс өөр ямар нэгэн мэдээлэл өгөөгүй юм.
Г.Түмэнтогос
Эх сурвалж: "Монголын Мэдээ"